Өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд шуурхай бүлэг ажиллаж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-02-06 21:09:09
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол суманд өвөлжилт хүндэрсэн учир аймгийн Засаг даргаар ахлуулсан шуурхай бүлэг ажиллаж байна. Тус сумын нутагт 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл их, бага хэмжээгээр 43 удаа цас оржээ.
Одоогоор Халхгол сумын нийт нутгийн 70 хувь их хэмжээний цасан бүрхүүлтэй, 150 малчин өрхийн 600 гаруй хүн, 27 мянган толгой мал хүндэрсэн бүсэд өвөлжиж байгаа юм. Нэмэгдэл тэжээлд 74 өрхийн бог, бод нийлсэн 17 мянга гаруй толгой мал ороод байна.
Явган шуурга шуурснаар цас нягтаршиж, цасны зузаан 20-40 см, хөр цасны зузаан 6-9 см, нягт нь 0,18-0,22 г/см куб-д хүрсэн нь мал бэлчээрлэхэд саад учруулж байгаа аж. Өвөлжилт ийн хүндэрснээр сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 100 тн өвснөөс 24,2 тн-ыг зарцуулжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 98 тн хорголжин тэжээлийг тус суманд хуваарилан хүргүүлсний ихэнхийг зарцуулж дууссан гэж Халхгол сумаас мэдээллээ.
Дорнод аймгийн ихэнх нутгаар цасгүй шахам өвөл болж байгаа учир хаврын саруудад хуурайшил ихээр үүснэ гэдгийг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Тиймээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулж эхэллээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ