top banner

Алтай Таван богд уул хүрэх замыг тохижуулна


2018-02-06 16:51:15
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Алтай Таванбогдын байгалийн цогцолбор газарт нэвтрэх цэгээс төрийн тахилгын овоо хүртэлх 13 км замыг сайжруулан засварлах тохижилтын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болжээ.

Уг ажилд зориулан аймгийн төсвөөс 24 сая төгрөг шийдвэрлэжээ. Тохижилтын ажлын хүрээнд гурван газарт сайжруулсан бие засах газар байгуулах, машины зогсоол барих, хогийн цэг тавих ажлууд хийгдэх юм байна. Мөн Замын  сангаас хөрөнгө гаргаж замыг засахаар болсон байна.  

Алтай Таван богд уул нь далайн түвшинээс 4374 м өндөр Монгол Улсын хамгийн өндөр цэг юм. Өнгөрсөн онд гадаадын 3130 жуулчин уг уулыг ирж сонирхжээ. Мөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хайрханыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгаж, 2014 оны долдугаар сард уулын тэнгэрийг тайх ёслол болсон билээ. Уг зарлигийн дагуу тэнгэрийг тайх ёслолыг таван жил тутамд зохион байгуулах бөгөөд 2019 оны зун дараагийн тахилга болох юм.

Иймд орон нутгийн зүгээс Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын дэд бүтцийг сайжруулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ. 

Ө.Нурболат


Монгол брэнд