top banner

Сургуулийн ойролцоо хуушуур, пирошки худалдах зөрчил арилахгүй байна


2018-02-06 16:31:59
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Сургуулийн ойр орчимд шарсан, хуурсан бэлэн бүтээгдэхүүн болон хуушуур, пирошки заруулахгүй байх үүргийг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү сар гаруйн өмнө БСУГ, МХГ-т өгч байсан. Үүний дагуу тухайн цаг үед хяналт шалгалт хийж хүнсний дэлгүүр болон сургуулийн цайны газруудад чиглэл өгсөн байна. Харин өнгөрсөн долоо хоногт МХГ дахин шалгалт явуулжээ. Шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.
Энэ удаа  сургуулийн ойр орчмын 50 метрт үйл ажиллагаа явуулж буй таван дэлгүүрийг шалгахад Баян-Өндөр цогцолбор сургуулийн урдах “Хайрхан” дэлгүүр пирошки, ороомог зэрэг түргэн хоол зарж байжээ. Иймд зөрчлөө арилгах албан даалгавар өгчээ. Цаашид ямар ч дэлгүүр, сургуулийн цайны газар ийм зөрчил гаргуулахгүй байх талаар байнгын олон удаагийн давтамжтай хяналт, шалгалт хийнэ гэж МХГ мэдээллээ.
Түргэн хоол нь таргалалт, чихрийн шижин өвчний гол эх үүсвэр болж байгаа тул сургуулийн орчинд үүнийг хязгаарлах нь зөв гэж эцэг, эхчүүд дэмжиж байгаа юм. Мөн ходоодны өвчлөл залуужиж байгаа нь буруу хооллолттой холбоотой гэдгийг эмч нар ч сануулсаар байгаа юм. Иймд нийгмийн эрүүл мэндийн төлөө аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг эцэг эх, мэргэжлийн байгууллага, шийдвэр гаргагчид хэлж байна.
  
Б.Оюун-Эрдэнэ
 


Сурталчилгаа
Монгол брэнд