top banner

“АВ” телевиз энэ оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил” болгов


2018-02-06 15:59:49
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “АВ” телевиз болон “Архангайн амьдрал” сонин 2018 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн нэвтрүүлэг, нийтлэлүүдийг бэлтгэх юм байна. 

2016 онд тус редакц нь хүүхдийн эрх, хүүхдийн авьяасыг дэмжих чиглэлээр ажиллаж, тухайн жилдээ “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч”-ээр тус тус шалгарч байсан юм. Харин 2017 онд “Эрүүл мэндийг дэмжих” зорилт тавьж, олон талт нийтлэл, нэвтрүүлгийг үзэгч, уншигчдад хүргэсэн байна.

“АВ” телевиз болон “Архангайн амьдрал” сонин ийнхүү хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчимд нийцсэн, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн аливаа нийтлэл, нэвтрүүлгийг хийсээр ирсэн. Жилийн зорилтын хүрээнд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагуудын бүхий л талын оролцоог ханган хамтарч ажиллах юм байна.
Б.Гэрэлт-Од

Сурталчилгаа
Монгол брэнд