top banner

С.Бямбацогт: Өвс тэжээлийг үнэгүй өгснөөр асуудлыг шийдэхгүй


2018-02-06 10:20:14
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал бодлыг сонсох, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор энэ оны  нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Ховд аймагт тойрогтоо ажилласан юм. Энэ үеэр орон нутгийн сэтгүүлчидтэй цаг үеийн асуудлаар ярилцсан юм. 
 
-Та  тойргийнхоо сумдын иргэдтэй  уулзаж,  өвөлжилтийн  байдалтай танилцаж тусламжийн өвс тэжээл олгосон, ОХУ –аас хямд өвс оруулж ирэх асуудал юу болсон бэ?
-Өнгөрсөн зун нийт нутгаар хур тунадас бага орж, халалт, хөрсний хуурайшилт их, өвс ногоо бага ургаж, өвөлжилт, хаваржилт тааруу болох дүр зураг өнгөрсөн намраас анзаарагдаж эхэлсэн.  Тиймээс  миний зүгээс УИХ-ын гишүүн О.Батнасантай  хамтарч аймгийн Малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулж, 16 сумаас 300 гаруй малчид, удирдах ажилтнуудыг оролцууллаа. Энэ намар орон нутгийн удирдлагууд  ОХУ-аас хямд үнэтэй өвс оруулж ирэх тухай  ярьж, Ховд аймгийн дотооддоо хадсан өвсийг зэргэлдээ аймгуудад худалдаалахад хориг тавиагүй байх. Одоогийн байдлаар ОХУ-аас хямд үнэтэй өвс орж ирээгүй л байна. Үүний зэрэгцээ Ховд аймгийн өвсний нөөц хангалтгүй, малчид өндөр үнээр өвс  худалдан авахад хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний хувьд өвөлжилт, хаваржилтыг  гарз хохирол багатай даван туулахад УИХ, Засгийн газраас ямар шийдвэр гаргах, ямар арга хэмжээ авах талаар Монгол Улсын Шадар сайдад өнгөрсөн 12 дугаар сард асуулга тавьсан. Энэ хүрээнд Засгийн газар яаралтай хуралдаж, улсын хэмжээнд 12,0 мянган тонн өвс үнэгүй олгох, 6000 тонн тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гаргасан. Ховд аймагт 600 орчим тонн өвс, 300 орчим тонн тэжээл олгох шийдвэр гараад явж байгаа. Энэ бол улсаас анхаарч байгаа асуудал.
-Таны ажилласан сумдаар өвөлжилт ямар байна вэ?
-Би саяхан Манхан, Буянт, Мөст, Алтай, Үенч сумуудаар орж ажиллалаа. Буянт сумын уулын бүсийн багуудаар, Манхан болон Мөст сумын нийт нутгаар мал аж ахуйн өвөлжилт хүнд байна. Миний зүгээс эдгээр суманд 30 орчим тонн өвс, 20 орчим тонн тэжээл олгох ажлыг зохион байгуулж, газар дээр нь хүргэлээ. Сум орон нутгийн удирдлага, малчидтай уулзахад өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлийн нөөц хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл дөнгөж өвлийн улирал эхэлж байна. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт тавдугаар сар хүрч байж цэгцэрдэг. Тэр хүртэл 3-4 сарын урт  хугацаа байхад  яагаа ч үгүй эрт  улсын нөөцөөс өвс, тэжээл  авч эхэлсэн байна. Уул нь одоо малчид өөрсдийн болон сум орон нутгийн нөөцийг ашиглаж байх үе юм шүү дээ!. Ингэхээр үлдсэн хэдэн саруудыг хэрхэн гарз хохиролгүй даван гарах вэ? гэсэн асуудал үүсэх дүр зураг харагдаад байна. Өвөлжилтийг давахад улсаас өвс тэжээл өгснөөр асуудал шийдэгдэхгүй. Миний хувьд цаашид хэрхэн, яаж ажиллах талаар тодорхой шийдэл гаргах шаардлагатай болсон байна гэж үзэж байгаа.
-Татвар нэмэгдлээ гэсэн  бухимдал  иргэдийн дунд байгаа,  Засгийн газраас энэ асуудлыг эргэж харсан тодорхой шийдвэрүүд гарах шиг боллоо.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-За татвар нэмэгдсэн талаар зарим иргэд ярьж байна. Иргэдтэй уулзаад явж байхад иргэд татварын нэмэгдлийн талаар ерөнхийдөө ойлгож байна. Татвар нэмэгдсэнээр миний амьдралд нөлөөлсөн зүйл алга, сарын орлого, цалин маань нэг ч төгрөгөөр багасч буурсангүй гэж ярьж байна. Ер нь татварын нэмэгдэл гэдэг  чинь ихээхэн орлоготой, тансаг хэрэглээтэй хүмүүст нөлөөлөх зүйл юм.  Өөрөөр хэлбэл, хувь хүний орлогын албан татварыг нэмсэн. Гэхдээ зөвхөн сарын орлого нь 1 сая 500 мянган төгрөгөөс дээш цалин авдаг иргэдэд энэ татварын заалт нөлөөлж байгаа. 1 сая 500 мянган төгрөгөөс доош орлоготой жирийн иргэдэд огтхон ч нөлөөлөхгүй. Мөн иргэдийн архи тамхины задгай хэрэглээг  хязгаарлах, эрүүл мэндэд анхаарах, гэмт хэрэгтэй  тэмцэх үүднээс  архи тамхины онцгой албан татварыг  нэмэгдүүлсэн.  Энэ шийдвэр ард түмэнд таалагдаж байна. Түүнчлэн автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Энэ нь бензин их хэрэглэдэг том оврын машины татварыг нэмсэн явдал юм. Бага оврын, бага бензин хэрэглэдэг машинд нөлөөлөхгүй байгаа зэргийг бодоод үзвэл татварын нэмэгдэл дээр яригдаж байгаа асуудал бодитой зөв шийдвэр гэдгийг ард иргэд ойлгож эхэлж байгаа.
-Тэтгэврийн нас уртасгасан талаар иргэд таниас бас л асууж тодруулахыг хүсэж байгаа, энэ тухай тодорхой хариулт өгнө үү?
-Мөн тэтгэвэртэй холбоотой асуудал дээр тэтгэврийн насыг нэмээгүй. Харин тэтгэврийн насыг уян хатан сонголттой болгосон. Өөрөөр хэлбэл, 55 настай тэтгэвэрт гарах ёстой эмэгтэй хүн 55 настайдаа тэтгэвэрт гарч болно. Эсвэл дахин арван жил ажиллаад 65 настайдаа тэтгэвэрт гарч болохоор болсон.  Мэдээж 55 настай тэтгэвэрт гарч буй иргэдээс 65 настай тэтгэвэрт гарч буй иргэд арай илүү өндөр тэтгэвэр авна гэсэн үг. Ер нь аймгийн төв болон нийслэл хотод амьдарч ажиллаж буй иргэд 65 насандаа тэтгэвэрт гарах сонирхолтой байдаг. Харин сум орон нутгийн иргэдийн хувьд амьдарч буй орчин нөхцөл хүнд учраас  арай эрт тэтгэвэрт гарах хүсэлтэй байдаг. Тийм учраас Монгол Улсынхаа иргэдийн онцлогийг  харгалзаад тэтгэврийн насыг  уян хатан сонголттой болгосон нь иргэдэд таалагдах байх гэж бодож байна.
-Сүүлийн үед Ховдод шатахууны үнэ ханш нэмэгдчихлээ. Таны хувьд 2015 онд тухайн үеийн эрх баригчдыг шахаж шаардаж байж Ховд аймгийн шатахууны үнэ ханшийг хотынхтой ижил түвшинд хүргэж байсан. Одоо ийм  боломж байгаа юу?
-Яг одоогоор тийм боломж байхгүй байна. Шатахууны  үнэ ханшийг  буулгах,  хотынхтой ижил түвшинд болгох талаар анхаарал тавьж байгаа. Ховдчуудын маань орлого бага, зарлага өндөр байдаг. Үүнд нөлөөлж буй зүйл нь шатахууны үнэ ханш юм. Өнгөрсөн  2014, 2015 онуудад зах зээл дээр нэг баррель  нефтийн үнэ 30 ам.доллар болтлоо хямдарч байсан. ОХУ-д нэг литр шатахуун 1000 төгрөг болж хямдарсан. Тухайн үед Улаанбаатар хотод  нэг литр шатахуун 1700 төгрөг, Ховд аймагт литр нь 2000 төгрөгийн үнэ ханштай байсан. Тиймээс шатахууны үнэ ханшийг ОХУ-тай адилхан болгодоггүй юм аа гэхэд ядаж 1500 төгрөг болгох, Ховдын шатахууны үнийг хотынхтой адил түвшинд хүргэх талаар нэлээд ярьж,  шахаж шаардсан.  Үүний үр дүнд  шатахууны  үнэ литр нь  1650 төгрөг болж  хямдарч байлаа. 2016 онд  шатахууны үнэ харьцангуй адил түвшинд байсан. Одоогийн байдлаар зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Харин Ховд аймгийн хувьд аль хэдийн Улаанбаатар хотынхоос 200 төгрөгөөр илүү болсон байна. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? гэдэг тал дээр анхаарч Засгийн газраас нефть бүтээгдэхүүнээс авдаг онцгой албан татварыг тэглэх /0 төгрөг/ шийдвэр гаргасан. Урьд нь 1 тонн невт бүтээгдэхүүнээс 650 мянган төгрөгийн татвар авдаг байсан бол одоо тэглэсэн /0 төгрөг/ байна. Гэсэн хэдий ч шатахууны үнэ буух боломж бүрдэхгүй байгаа. Цаашид өсөх хандлага байгаа. Үүнийг шийдэх шийдлийг Засгийн газарт уламжлан  ажиллаж байна.
Мөн бензин шатахууны үнэ ханш өсөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнийг  үндэслэлгүй өсгөж байгаа явдалд анхаарал хандуулж хяналт тавих нь чухал байна. Нэг литр  шатахууны үнэ ханш 100 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш 1.4 хувиар нэмэгддэг байх учиртай. Гэтэл бодит байдал дээр бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд 1000 төгрөгийн үнэтэй талх 1100 төгрөг  болж өсч байгаа, шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдэхэд талх 1200 төгрөг болж нэмэгдэж байгаа нь хэт үндэслэлгүй үнийн  хөөрөгдөл юм. Энэ тал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар хяналт тавьж ажиллах ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг үндэслэлгүй нэмж байгаа байгуулага, аж ахуйн нэгж,  бизнес эрхлэгчдэд хариуцлага тооцох, тусгай эрх олгох, цуцлах зарчмаар арга хэмжээ авч, тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. 
- Өнөөдөр хасах 30-40 градусын хүйтэнд задгай зах дээр үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгчидтэй та уулзсан тэд юу ярьж, юу хүсэж байна вэ?
-Төв зах дээр худалдаа  эрхлэгчид  хоёр зүйлийг  чухалчилан ярьж байна. Нэгдүгээрт, 2013  онд 400 гаруй худалдаа  эрхлэгчдийн хөрөнгө оруулсан шинэ зах ашиглалтад ороогүй, өмчийн маргаантай 4-5 жил болж байна. Энэ хугацаанд тодорхой шийдэл гаргаад асуудлыг шийдвэрлээд явах боломж байсан. Миний зүгээс2013-2015 онд тухайн үеийн  орон нутгийн удирдлагуудад  асуудлыг  яаралтай шийдвэрлэх талаар шаардлага,  үүрэг чиглэл өгч байсан ч одоо болтол шийдэгдээгүй байна. Юу болсныг судлаад үзэхээр орон нутгийн удирдлагууд болон худалдаа  эрхлэгчид  хоёр талаасаа хатуу байр суурь илэрхийлсээр байгаагаас 2-8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн худалдаа эрхлэгчид хохироод байж байна. Өөрөөр хэлбэл, Захын худалдаа  эрхлэгчдийн зүгээс газрыг бидний нэр дээр өгөх ёстой. Газар өгсний дараа газар дээр барьсан байшинг худалдаа эрхлэгчид оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хувь тэнцүүлээд, хоршоо байгуулан хамтран эзэмшээд явна гэсэн санал хэлж байгаа. Харин орон нутгийн удирдлагууд төр 3.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт хийсэн, худалдаа  эрхлэгчид 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн учраас төрийн өмч давамгайлаад төр менежментийг авч явах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ асуудалд шийдвэр гаргадаг хүн нь би биш, гэхдээ миний зүгээс тодорхой шийдлүүдийг гаргаж, аймгийн удирдлагууд болон захын худалдаа эрхлэгчдэд танилцуулахаар болсон. Миний санал болгосон шийдлүүдээс аль оновчтой, зөв шийдлийг  нь сонгож  ажил хэрэг  болгоосой гэж хүсэж байна. 
                                                                                                                                                А.Бямбасүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд