Мерси Кор олон улсын байгууллагын төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-02-06 10:09:07
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мерси Кор олон улсын байгууллагаас Сүхбаатар аймагт “Гамшгийн эрсдлийг бууруулахад шинжлэх ухааны ба уламжлалт аргыг ашиглах нь" төслийг 2015-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүллээ. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын холбогдох хүмүүс Сүхбаатар аймагт ажиллаж, төслийн үр дүнг хангалттай гэж дүгнэлээ.

Төслийн менежер Б.Энхтуяа, Гамшигт нэрвэгдсэн гадаадын орнуудад туслах албаны мэргэжилтнүүд аймгийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүстэй уулзаж, төрлийн үр шимийн талаар хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

“Төслийн хүрээнд нэгдүгээрт, зорилтот сумдын малчид маань гар утсаараа гурав, зургаа хоногийн цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг 5-10 секундэд авах автомат систем бий болгосон. Хоёрдугаарт, гамшиг тохиолдсон үед малчдын гол амьжиргаа болсон мал сүргээ яаж аврах, хүмүүсийн амьжиргааг хэрхэн хамгаалах гэдэг олон улсын стандартыг тухайн сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний зудын төлөвлөгөөнд илүү нарийн тусгаж чадсан. Одоо эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх нь чухал. Ер нь хоёр жилийн хугацаанд манай төсөл маш амжилттай хэрэгжлээ. Үүнд манай хамт олон маш таатай байгаа. Тиймээс бид дараагийн хэрэгжүүлэх төслөө ярилцаж байна” хэмээн төслийн менежер Б.Энхтуяа хэллээ.

Сүхбаатар аймагт дээрх төслөөс гадна Мерси кор олон улсын байгууллагын “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” төсөл мөн хэрэгжиж байгаа билээ. Уг төсөл нь 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд махны экспортыг дэмжих, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд сумдад мал тарилгын зориулалттай зөөврийн хашаа олгож, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулаад байгаа аж.
Т.Одончимэг
 
 
Холбоотой мэдээ