Үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх тэмцээнийг сар бүр зохион байгуулна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-02-06 10:04:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас үндэсний бөхийн спортын залгамж халааг бэлтгэх, орон нутгаас үндэсний бөхийн цолтон төрүүлэх зорилгоор Сүхбаатар сумын Засаг даргын нэрэмжит хүүхдийн “Баянханы хүчтэн” үндэсний бөхийн барилдааныг зохион явууллаа.
Сумын Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээн нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутгийн хүүхэд багачуудыг спортод сонирхолтой болгох, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн байна. Барилдаан хоёр насны ангиллаар явагдаж, ахлах насанд 19 тамирчин, дунд насанд 17 тамирчин нийт 8 сургуулийн 36 тамирчин оролцож уран мэхийг уралдуулан, хүч чадлыг сорин барилджээ. Ингээд ахлах насны ангилалд Сүхбаатар сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн Б.Мягмардаваа, дунд насны ангилалд Сүхбаатар сумын улсын тэргүүний дөрөвдүгээр сургуулийн н.Тундас нар түрүүлсэн байна. Цаашид энэхүү тэмцээнийг сар бүр зохион явуулж байх бөгөөд ирэх сараас бага насны ангилал нэмж, гурван насны ангиллаар явуулахаар болжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ