top banner

Цалингийн асуудлаар аймаг сумын Засаг дарга нартай уулзлаа


2018-02-06 09:19:00
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын сургууль, цэцэрлэгийн багш ажилчид одоо болтол нэгдүгээр сарын цалингаа авч чадаагүй байна. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо /ҮЭХ/-ны удирдлага, багш ажилчдын төлөөлөл аймгийн болон Баруун-Урт сумын засаг даргатай уулзаж, цалингийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардлаа.

Сүхбаатар аймгийн 2018 оны төсөв батлагдаагүй ч төрийн байгууллагын бүх ажилчдын цалинг 100 хувь олгох тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Захирамжийн хэрэгжилтийг сумдын засаг дарга нар биелүүлэх учиртай бөгөөд Баруун-Уртаас бусад бүх сумдын төрийн байгууллагын ажилчид цалингаа 100 хувь авсан байна.

“Сангийн яам зөвшөөрөөд, данс нээгдчихсэн. Улмаар Засаг даргын захирамжийг 12 сум биелүүлчихээд байхад яагаад ганцхан сум ингэж гацааж, бусдыг хүндрүүлж байгааг ойлгохгүй байна. Миний гаргасан захирамжийг Аудитын газар хууль бус гэж үзсэн гэлээ. Үнэхээр тийм бол Аудитын газар тэр асуудлаа надтай л ярих ёстой. Би өөрийнхөө гаргасан шийдвэрийн хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Хамгийн гол нь цалингаас цалингийн хооронд амьдарч буй хэдэн иргэдээр ингэж улс төр хиймээргүй байна. Бид ИТХ-аа хуралдуулъя, эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа төсвөө баталъя гэж найм хоног хүлээсэн. Гэтэл сөрөг хүчин ирээгүй. Хоёр намын үл ойлголцлоос болж жирийн иргэд хохирох ёсгүй. Тиймээс одоо цалинг нь зүгээр л 100 хувь олго. Дараагийн асуудлыг би хариуцна.”гэдгийг аймгийн Засаг дарга З.Энхтөр хэллээ.
 
Баруун-Урт сумын дөрвөн сургууль, 11 цэцэрлэгийн багш ажилчдын цалинг олгохыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа сумын Засаг дарга М.Идэрбат тайлбарлахдаа “Аймгийн засаг даргын төсөв зарцуулах тухай гаргасан захирамж хууль бус гэдгийг Аудитын газар тогтоосон. Тиймээс хууль бус захирамжийг би биелүүлж чадахгүй. Үнэхээр хариуцлагаа хүлээнэ гэж байгаа бол Аудитын газрын дүгнэлтэнд албан ёсоор хариу өгөхийг  хүсэж байна. Үүний дараа би цалингийн гүйлгээг хийлгүүлэхэд бэлэн.” гэлээ.

Харин багш ажилчдын хувьд, аймгийн ИТХ, хоёр намын асуудал бидэнд хамаагүй. Зүгээр л цалингаа авахыг хүсч байна. Ихэнх багш нар найдваргүй зээлдэгчид боллоо. Мөн удахгүй болох сар шинийн баяраас өмнө дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд намууд хурлаа хийж, төсөв мөнгөө даруй батлан хоёрдугаар сарын цалинг ямар нэг асуудалгүй өгөх хэрэгтэй гэж байна. 
Т.Одончимэг

Монгол брэнд