Сум хөгжүүлэх сангийн 834 зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-05 17:35:41
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Сум хөгжүүлэх сангийн  зээлийн эргэн төлөлт аймгийн хэмжээнд хангалтгүй, санхүүжилт авсан 834 зээлдэгч зээлээ хугацаандаа эргүүлж төлөөгүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

2011-2017 оны хооронд Баян-Өлгий аймгийн 13 суманд Сум хөгжүүлэх сангаас 1596 төсөлд 6 тэрбум 281 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурав хүртэлх жилийн хугацаагаар гурван хувийн хүүтэй олгожээ. Үүний үр дүнд орон нутагт 1781 ажлын байр бий болжээ.

Өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээгээр дээрх 1596 зээлдэгчийн 475 нь зээлээ гэрээнд заасан хугацаанд барагдуулж, 287 зээлдэгч хуваарийн дагуу төлж байгаа аж. Одоогоор зээлийн хугацаа хэтэрсэн 268 зээлдэгчийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Зээлийн эргэн төлөлт Бугат, Ногооннуур, Сагсай, Толбо, Өлгий  сумдад маш муу байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийг жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог. Өмнөх зээлийн эргэн төлөлтөөс сангийн нийт санхүүжилтийн 20 хувь нь бүрдсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж, дахин зээл олгогддог байна. 2017 онд Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Буянт, Дэлүүн, Сагсай, Улаанхус сумууд Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 83 төсөлд 318,4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Бусад сумдад эргэн төлөлт 20 хувьд хүрэхгүй байгаа ажээ. 
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ