"Шивээ-Овоо"-гийн уурхайн хөрс хуулалт тасалдахад хүрчээ

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2018-02-05 16:12:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шивээ-Овоогийн уурхай нь сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан оны эхнээс төлөвлөсөн хөрс хуулалтын ажил 1027.06 мянган м3-ээр тасалдахад хүрчээ.

2.7 тэрбум тоннын таамаг нөөцтэй Шивээ-Овоогийн уурхайд техник тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгааг удирдлагууд нь онцлов.

“Шивээ-Овоо”ХК өнөөдрийн байдлаар нийт 582 ажилтантай, жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг хангаж байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Мөн  100 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн байна.

Тус уурхайн 4200 га нь улсын мэдэлд бол үлдсэн 35 мянга га талбайд нь хувийн хэвшлийнхэн ажиллаж буй аж. Тодруулбал  “Шивээ-Овоо” ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг аж. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол” компаниас 250 га газар түрээсээр авч ашигладагаас үүдэн  өр үүсчээ. Ийнхүү уул уурхайг  хүндрэлд оруулж буй гол шалтгаан нь түлш, эрчим хүчний салбарыг салгасантай холбоотой гэдгийг  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолж, бүтцийг оновчтой болгож зөв голидролд оруулах саналыг УУХҮ-ийн сайдтай хамтран Засгийн газарт оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгав.

Мөн 2018 онд багтаж хөрөнгө оруулалт хийж, техник технологийг нь шинэчлэн, аюулгүй ажиллагааг хангахад УУХҮЯ онцгой анхаарч ажиллана хэмээн салбарын сайд“Шивээ-Овоо”ХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тодотголоо.
Б.Заяа
Холбоотой мэдээ