top banner

МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай явуулахыг шаардав


2018-02-05 15:40:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн багш ажилтнуудын төлөөлөл тус сургуульд ёс зүй, ил тод байдал алдагдсан хэмээн мэдэгдэж, өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор Д.Дашдулам, “Сургуулийн ил тод байдал, ёс зүйн зарчим алдагдсан. Оюутнуудын төлбөр хаана юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй болсон. Бидэнд олдсон баримтаар бол энэ  оны 1 дүгээр сард Захиргааны удирдлагын баг Эрдэнэт хот руу томилолтоор явсан байна. Хөтөлбөрийг нь харвал  хийхээр төлөвлөсөн тодорхой ажилгүй, зөвхөн оройн хоол, хүлээн авалт, караоке, саун, амралтад зарцуулсан байх жишээтэй. Мөн тус сургуульд ирээд 4-5 сар ажилласан хүнийг МУИС-ийн хүндэт жуухаар шагнасан, Хангамж үйлчилгээний даргаар ажиллаж байсан хүнийг хэлний курст АНУ руу явуулахын тулд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн. МУИС-ийн удирдлага энэ мэтээр давуу байдал үүсгэж, Монгол Улсын зохих хууль дүрэм болон сургуулийн дотоод журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна” гэв.

МУИС-ийн багш Г.Элдэв-Очир, "Их сургууль гэдэг судалгаа шинжилгээний байгууллага, тиймээс бид засаглалын хувьд хараат бус байхыг шаардаж байна. Гэтэл өнөөдөр зарим өндөр албан тушаалтны хүүхдүүдийн кредитын тоо гүйцээгүй ч тэдгээрийг төгсгөж оюутнуудын эрх тэгш байдал алдагдаж байна. Багш нар хэн нэгний эрх ашгийн төлөө үйлчлэх ёсгүй" гэлээ.

Тэдний зүгээс МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай явуулж, хөндлөнгийн хяналт тавьж ажиллахыг шаардаж байгаа аж.
Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд