top banner

Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтад эссэ бичих даалгавар нэмэгдсэн


2018-02-05 13:57:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс   элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэлийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөө өглөөний 09.00 цагаас эхэлсэн юм. 

ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх бөгөөд урьдчилсан дүнгээр 45 мянга орчим хүүхэд элсэлтийн шалгалт өгөх тооцоо гарсан байна.

Боловсролын үнэлгээний төвийн Сургалт  судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат ярихдаа, “Энэ онд улсын хэмжээнд 12 дугаар ангийг 42 мянга орчим сурагч төгсөнө. Мөн үүн дээр өмнөх онуудад төгссөн 4000 орчим хүүхэд нэмэгдэх тооцоо бий.  Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч, сэтгэн бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаврыг нэмж оруулсан. Мөн монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмсэн. Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад хичээлүүд 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Мэдээллийн алдаа гарахаас сэргийлж цахим бүртгэлийг  Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын сервертэй холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх боломж бүрдсэн. Улмаар  хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал  сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандах боломжтой. Түүнчлэн энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг систем нэвтрүүлэхээр зорьж байна” гэв.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулав.

-ЭЕШ  хэзээ эхлэх вэ. Тов гарсан уу?

-Элсэгчид тавдугаар сарын 15-наас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг ирэх зургадугаар сарын дундуур зохион байгуулах саналыг  БСШУСЯ-нд тавьсан. Шалгалтын дүн өнгөрсөн жилийн адил долдугаар сарын 1-нд гарна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шалгалт өгөх боломжийг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д хамрагдах тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд 2-3 хүүхэд хамрагддаг байсан бол 2017 онд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгсөн. Тиймээс манай төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шалгалт өгөх боломжийг олгоход анхаарч ажиллаж байна. Тодруулбал  хөгжлийн онцлогт тохируулж, шалгалтад нэмэлт боломж, нөхцлүүдийг бүрдүүлэх үүднээс брайль үсгээр хөрвүүлэх, үсгийн фондыг нэмэх, дохионы багш ажиллуулах  юм.

-2018 оны ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.  Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болно. Мөн  бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой бөгөөд өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байгаа.

Элсэгчид дараах материалыг бүрдүүлэх юм байна.

- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар  өнгийнх байхаас гадна нарны шил болон малгайгүй байна/
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр өөрийн и-мэйл хаягтай байна/
- Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.
О.Мөнхжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд