top banner

Москвад их хэмжээний цас унасны улмаас олон айл өрх гэр цахилгаангүй болж, нислэгүүд цуцлагджээ


2018-02-05 11:17:03
Зураг
МОСКВА. /ТАСС/. Оросын нийслэл Москва хот болон тус хотын  орчмын суурин газруудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас 3000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 200 гаруй нислэг цуцлагдаад байгаа тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.
 
Цахилгааны шугамын гэмтлийг холбогдох албаны хүмүүс засварлахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн бямба гарагаас Москвад их хэмжээний цас унаж эхэлсэн бөгөөд өчигдөр өглөөний байдлаар цусны зузаан 43 см-т хүрээд байв. Энэ нь 1957 оноос хойш тус хотод ийм их хэмжээний цас унасан анхны тохиолдол гэнэ. Өнөөдөр мөн цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна гэж цаг уурчид анхааруулсан байна.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, Москвад цасан шуурга шуурч эхэлснээс хойш үндсээрээ сугарсан модонд нэг хүн дарагдан амиа алдсан бол таван хүн гэмтэж бэртжээ.
 
Хэдийгээр гэрэл цахилгаагүй болж, нислэг цуцлагдаж байгаа ч москвачууд “жинхэнэ өвөл”-ийг үзэж буйдаа баяртай байгаагаа нийгмийн сүлжээнүүдээр илэрхийлцгээж байна.



Өнгөрсөн оны 12 дугаар сард тус хотын оршин суугчид өөр нэгэн “түүхэн” үзэгдлийн гэрч болсон юм. Тодруулбал, Москва хотын түүхэн дэх “хамгийн харанхуй 12 дугаар сар" болж өнгөрсөн билээ. Тус хотод 12 дугаар сард ердөө 6-хан минут нар үзэгдсэн юм.

Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд