top banner

С.Чулуун: Шинэ нисэх буудлын замд Археологийн үндэсний музей байгуулна


2018-02-05 09:57:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.2017 онд Монгол улсын 21 аймгийн 71 сумын нутагт 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон 10 шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хувьд 2017 онд 13 аймгийн 48 сумын нутагт археологийн аврах хамгаалах хайгуул судалгааны ажил зохион явуулж, нийт 1200 гаруй үл хөдлөх дурсгалыг шинээр илрүүлжээ. Мөн 4 аймгийн 7 сумын нутагт авран хамгаалах малтлага судалгааны ажил гүйцэтгэсэн байна.

Монгол улсын холбогдох хууль журмын хүрээнд, БСШУСЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу археологийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байгууллага, судлаачдын ажлын үр дүнг танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор тухайн онд ажилласан бүх судалгааны баг, судлаачдын төлөөлөл оролцсон эрдэм шинжилгээний хурал 2011 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн билээ.

“Монголын археологи-2017” хуралд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Уаанбаатарын Их сургууль, Монголын Үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Ховд Их сургууль, Хэнтий аймгийн музей, Дорноговь аймгийн музей зэрэг 10 гаруй байгууллагын 112, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 буюу нийт 201 эрдэмтэн судлаачдын хамтарсан багийн төлөөлөл оролцож, 60 гаруй илтгэл тавив.

2017 онд Монгол улсын 21 аймгийн 71 сумын нутагт 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон арван шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хувьд 2017 онд 13 аймгийн 48 сумын нутагт археологийн аврах хамгаалах хайгуул судалгааны ажил зохион явуулж, нийт 1200 гаруй үл хөдлөх дурсгалыг шинээр илрүүлжээ. Мөн 4 аймгийн 7 сумын нутагт авран хамгаалах малтлага судалгааны ажил гүйцэтгэжээ.



Ингээд өнгөрсөн онд Монгол оронд хийгдсэн археологийн шилдэг 5 судалгааны илтгэлийг танилцуулж байна.

1. Г.Эрэгзэн, П.Алдармөнх, С.Энхболд, Им Дун Жэ, У Жэ Жин – Чихэртийн зоогийн хүннүгийн дурсгалт газар хийсэн малтлага судалгааны товч үр дүн

2. Ц.Төрбат, Н.Баярхүү, Б.Эрдэнэ, Т.Батбаяр, Г.Энхбаяр, Г.Гантогтох, С.Дюшен, Д.Николаева, Б.Жирард, К.Севин-Аллуэ – “Тамирын голын хүннүгийн соёл” тусгай захиалгат төсөл ба Монгол-Францын хамтарсан “Тамир” төслийн 2017 оны археологийн хээрийн судалгааны ажлын товч үр дүн

3. Ц.Одбаатар, М.Барс, М.Нямбат, Б.Амгаланбат – 2017 онд Айрагийн гозгорт явуулсан археологийн судалгаа

4. О.Ангарагсүрэн, Коүзүма Ёүсэй – Монголын ханын зурагний хадгалалт хамгаалалтын судалгаа: Шороон бумбагар бунхны дотоод орчны бичил цаг уурын анализ ба ханын зурагт хэрэглэсэн будгийн материалын шинжилгээ

5.Ч.Амартүвшин, З.Батсайхан, Г.Галдан, Б.Батдалай, У.Эрдэнэбат, Д.Мандах, У.Ханичёрч, Ж.Врайт, Р.Нельсон, С.Плэугэр – Монгол-Америкийн хамтарсан “Дорнод Монгол: археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн 2017 оны хээрийн судалгааны үр дүн
 
Хурлын үеэр ШУА-ийнТүүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-2017 онд Түүх, археологийн хүрээлэн ямар ажлууд хийв?
-Өнгөрсөн жилийн хувьд бидэнд маш олон давуу талууд байсан. Бид Монголын археологийн үндэсний музей байгуулах газрын зөвшөөрлийн асуудлыг олон жил хөөцөлдсөний эцэст шинэ нисэх буудлаас Улаанбаатар орох замд барих шийдвэрийг Төв аймгийн ИТХ гаргаад байна. Энэ чиглэлд дараа дараагийн ажил өрнөнө.

Төр засгаас археологийн салбарт анхаарал хандуулж, лаборатори, музей барих ажлыг эхлүүлэх юм бол Евразийн хэмжээний нүүдэлчдийн эзэнт гүрний музейг байгуулах боломж Монголд байна. Археологийн дурсгал нийгмийг соён гэгээрүүлэх том ач холбогдолтой. Дээрээс нь шинэ нисэх буудалд буусан хүн бүхэн дайраад гарна гэсэн үг. Энэ бүхэн Монголын эдийн засагт нэмэр болохоос гадна судлаачдаа дэлхий зиндаанд гаргах, өв соёлоо зөв орчинд хадгалж үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд тус дөхөм болох юм.

Хоёрдугаарт, Оросын Эрмитажийн музейд 70 жил хадгалагдсан Ноён уулын өв соёлын бүрэн цогц судалгааг Монголд анх удаа хэвлэсэн. Мөн 2019 онд Монгол Улс Эрмитажийн музейтэй хамтран “Чингис хааны угсааныхны алт эрдэнэс” нэртэй үзэсгэлэнг гаргана. Энэ жилийн 4 дүгээр сард “Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэнг Солонгос улсад гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна. 

Монгол улсын археологийн судалгаа зөвхөн хайгуулаас гадна судалгааны үр дүнгээ дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, олон улсад монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж гадаадад хадгалагдаж буй Монголын өв соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх ажлуудыг цогцоор нь хийж байна. Ер нь археологийн судалгаа хийх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, өвлүүлэх ажил цогцоороо бодлого болж явах ёстой гэж үзэж байна. Монгол өөрөө археологийн дурсгалаар баялаг, бүх үеийн дурсгал олддог нутаг. Тэгэхээр энэ өв соёлыг системтэй, дараалсан, зөв, холыг харсан бодлогоор авч явах ёстой.

-Гадны судлаачидтай хамтарсан илтгэл олон харагдаж байна. Гадаад харилцаа хэр өргөжиж байна вэ?
-Монголын археологийн судалгаа Азийн бүс нутагтаа хамгийн нээлттэй бөгөөд Монгол шиг ийм олон хамтын судалгаатай, өргөн хүрээнд ажиллаж байгаа улсад Азид байхгүй. Дэлхийн 20 гаруй улсын хамгийн нэр хүндтэй их сургуулиуд, судалгааны байгууллагууд, сэргээн засварлах соёлын төвүүд, музейтай хамтарч ажилладаг.

Зөвхөн Түүх, археологийн хүрээлэн л гэхэд 16 улсын 36 байгууллагатай хамтран ажиллаж байна. Археологийн судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэх, хамтарсан судалгааны үр дүнг бүрэн гаргах, тайлан бичиж ном бүтээл болгох зэрэг ажлууд байдаг учраас 3-5 жилийн гэрээг байгуулдаг. Манай гадаад харилцааны нэг онцлог нь бид шилдэг эрдэмтэдтэй хамтарч ажилладагт оршино. Жилээс жилд гадаад харилцаа тэлж байна.

-Та өнгөрсөн онд ямар судалгаан дээр ажиллав?
-Миний хувьд “XVII зууны Монгол хотууд” судалгааны төслөө таван жил хэрэгжүүлж, өнгөрсөн онд дуусгаад байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Сарьдагийн хийдийг судаллаа. Өндөр гэгээн Занабазарийн байгуулсан Сарьдагийн хийд нь зөвхөн хутагтийн төдий хот байсангүй, Ази, Европ, дэлхийтэй харьцаж байсан хот гэдэг нь мэдэгдсэн. Бид Европ, Орос, Энэтхэг, Балба, Төвд, Хятадын Мин улсын дурсгал олсон нь Монгол 17 дугаар зуунд дэлхий дахинтай ямар өргөн хүрээнд харилцаж байсныг харуулж байна. Хоёрдугаарт, уран бүтээлийн төрөл зүйлээр нь аваад үзэхэд Өндөр гэгээн Занабазар нь Микеланжелотой дүйцэхээр урлаг, соёлын том төлөөлөгч байсан гэдгийг бидний судалгааны үр дүнгээс харж болохоор байна. Мөн Булган аймгийн Рашаант сумын Хөгнө Тарнын “Өвгөн хийд”, Баяннуур сумын Цогтын Цагаан байшинд малтлага судалгаа хийж, маш сонирхолтой олдворууд олсон. Хөгнө Тарнын барилгын тууриас ханын зураг олж нас тогтоох шинжилгээнд явуулсан. Хэрвээ Өндөр гэгээний үед хамаарах нь тогтоогдвол түүний хийж бүтээсэн урлагийн төрөл нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Бид таван жилийн судалгааны үр дүнгээ нэгтгэн, 6 дугаар сарын 15-нд томоохон үзэсгэлэнзохион байгуулна. 

-2018 онд хүрээлэн ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Одоо хийгдэж буй судалгаанууд цаашаа үргэлжилнэ. Бид хэд хэдэн улстай нэмж ажиллаж байна. Жишээ нь Киданы үеийн дурсгал дээр Унгарчуудтай хамтран ажиллаж байна. Цогт тайжийн Цагаан балгас, Завхан аймгийн Тэс сумын нутагт орших Цөмийн толгой судлах ажил хийгдэнэ. Дээр дурдсан үзэсгэлэнгүүдээс гадна Тайванийн Эзэн хааны музейд хадгалагдаж буй Монголын эртний болон дундад үеийн биет дурсгалуудыг бүрэн цогцоор нь гурван ботиор англи, монгол, хятад хэлээр хэвлэн нийтлэх ажил хийгдэж байгаа.  
Х.Аминаа

Сурталчилгаа
Монгол брэнд