Зүүн бүсэд дээд боловсрол, судалгаа шинжилгээ, инноваци хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-02-04 22:53:05
Дорнод /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар өнөөдөр “Зүүн бүс нутагт дээд боловсрол, судалгаа шинжилгээ, инновацийг хөгжүүлэх” санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт Монгол Улсын зүүн бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил, инновацийг хөгжүүлэх, багш оюутны хөгжлийг дэмжих, сургалт, судалгааны лаборатори, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, орчин нөхцлийг сайжруулах болон бусад асуудлаар хамтран ажиллахаар тусгажээ.
Салбарын сайд тус аймагт хоёр өдрийн турш үргэлжилсэн зөвлөлгөөнд оролцсоныхоо дараа зарим сургууль, цэцэрлэгээр зочлов. Тэрээр "Дорнод аймаг сүүлийн дөрвөн жил дараалан ЭЕШ-ын дүнгээр улсдаа тэргүүлж байгаа. Зүүн бүсийн аймгууд зөвлөлгөөнд оролцохын зэрэгцээ амжилтын сайн туршлагатай газар дээр нь бодитой танилцах, судлах боломжийг давхар олгосон. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг багш нарынхаа оролцоотой тодорхойлж салбарын бодлогодоо тусгана. Бид боловсролын салбарын бодлогоо шинэчлэх цаг нь болсон” гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн энэ онд боловсролын салбарт урьд өмнө нь байгаагүй их бүтээн байгуулалтыг хийнэ. Нийт 46 мянга гаруй хүүхдийн хүчин чадалтай 99 сургууль, 127 цэцэрлэг шинээр барина гэдгийг Ц.Цогзолмаа сайд зөвлөлгөөнд оролцогчдод дуулгажээ. Зөвлөлгөөнд 3400 төлөөлөгч оролцож, ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцсэн байна.
Энэ онд Алтангадас одонт Дорнод аймгийн ХДТ-ын 70 жилийн ой тохиох юм. Ой угтсан бүтээлч ажил, шинэ уран бүтээл тавихад тус бүр 30 сая төгрөгийн дэмжлэгийг БСШУСЯ-наас үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ