Монгол бичиг Төв аймгийн сургуулиудын "БРЕНД"

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2018-02-03 01:14:08
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос 21 дахь жилдээ зохион явуулсан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд амжилттай оролцож, дэд байранд шалгарсан багш, анги хамт олны шагналыг өчигдөр гардуулж өглөө.

21 дэх жилдээ зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд шинээр “Сайхан бичигтэн анги” төрөл нэмэгдсэн. Багш, сурагчдын хамтын хөдөлмөр зүтгэлийг тодорхойлдог энэ ангилалд 80 гаруй анги, хамт олны бүтээл өрсөлдсөнөөс дэд байрт Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн Б.Отгонсүрэн багштай 9-ийн “А” ангийн 30 сурагч шалгарсан юм. 

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн ерөнхий захирал Л.Эрдэнэцэцэг, “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн сургалтын ахлах менежер П.Даваахүү болон “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа тэргүүтэй хүмүүс оролцов.

Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж Б.Элбэгзаяа хэлэхдээ, “Улсын хэмжээнд Хүмүүн бичиг” сонины захиалгын дүнгээр улсдаа эхний байранд эрэмблэгддэг энэ хамт олон монгол бичгийн хэл, соёлд элэгтэй эх оронч сэтгэлгээтэй хүмүүс юм. Үр дүн эхнээсээ гарч байгаа бөгөөд үндэсний хэл соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмэр оруулж буй та бүхэнд талархал илэрхийлье. Бид мартаж болохгүй баян тансаг эх хэлнийхээ эзэд нь байх ёстой” хэмээв.

БНХАУ-ын ӨМӨЗО-нд долоо хоногийн хугацаатай аялах эрхийн бичиг, мөнгөн шагнал, “Аян замын тэмдэглэл” номын хамт анги удирдсан багш Б.Отгонсүрэнг шагнасанд багш, сурагчид талархав.

"Монгол хүн бүр монгол бичиг сурах үүрэгтэй бөгөөд эх монгол бичиг нь хүмүүсийг илүү тэвчээртэй, нямбай, бүтээлч болгодог. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд бид ангиараа анх удаа оролцож “Сайхан бичигтэн анги” төрөлд дэд байранд  шалгарлаа. Үндэсний өв болсон бичиг соёлоо цааш улам сайн дэлгэрүүлнэ” гэж шагнал авсан тус сургуулийн 9-ийн “А” ангийн сурагч Г.Отгондэлгэр хэллээ.

Энэ үеэр тус сургуулийн дунд сургуулийн хөгжмийн аварга М.Мөнхбаяр, Э.Онон нар болон 9-ийн “Б” ангийн сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулав.

Ангийн багш Б.Отгонсүрэн, “Өсвөр, залуу үеийн монгол бичгээ сурах сонирхлыг бадраах, үндэсний бичгээ төгс эзэмшигчдийг  алдаршуулж, урамшуулах зорилгоор “Монголын сайхан бичигтэн” уралдааны шилдгүүдийн шагналыг тухайн сум, орон нутаг, тэр тусмаа сургууль дээр хүрэлцэн ирж гардуулж буйд бидний хувьд туйлын баяртай байна. Бидний хамтын бүтээлч хөдөлмөр, чин сэтгэлээсээ хүүхдүүддээ зааж, сургасан эрдмийн үр шим гэж бодож байна” гэв.

“Монгол бичиг бол манай сургуулийн "брэнд" юм. Сурагчдын 70 хувь нь монгол бичгээр сайхан бичдэг. Хавар ангиудын дунд монгол бичгийн уралдаан зарлаж, үзэсгэлэн гаргадаг бөгөөд сайхан бичигтэй анги хамт олон, сурагчдийг сургуулийн хэмжээнд шалгаруулж, шагнаж урамшуулдаг” гэж “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн ахлах менежер П.Даваахүү ярилаа.

Дашрамд дурдахад, тус сургууль “Хүмүүн бичиг” сонины нэгдүгээр улирлын захиалгаар 204 ширхэг сонин захиалснаар аймагтаа тэргүүлсэн юм.  Өнөөдөр “Хүмүүн” дунд сургууль 40 багш, үүнээс монгол хэлний долоон багш, 23 ажилтан, 6-9 ангийн нийт 748 сурагч сурагчидтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ