top banner

Ж.Галбадрах:Оросын боловсрол суурь шинжлэх ухааныг чухалчилж буй нь сонирхол татсан


2018-02-02 21:56:44
Зураг
Москва /МОНЦАМЭ/. Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрахтай ОХУ-ын Москва хотод ажлын айлчлал хийх үеэр нь уулзаж ярилцлаа. Айлчлалын үр дүнд тус хүрээлэн Москвагийн Физик Техникийн Дээд сургууль /МФТИ/ болон Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт /ОИЯИ/-тай монгол орос багш, профессоруудын хамтарсан судалгаа хийх, оюутан солилцох, Монголд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

-ОХУ-ын боловсролын систем, чанарын тухай та ямар бодолтой байдаг вэ? Энэ сэдвээр яриагаа эхэлье?
-Би 1980-аад оны МУИС-ийн төгсөгч. Тэр үед сурлага сайтай хүүхдүүд Орост сурдаг байсан болоод ч тэр үү? орос школ гэдгийг чанартай боловсролоор л төсөөлдөг байлаа. Харин зах зээлд шилжсэний дараа Монголтой адил боловсролын систем нь бага зэрэг чанараа алдсан гэж сонсож байсан юм. Энэ удаа өөрийн биеэр ирээд Оросын боловсрол чанартай хэвээр байгаа юм байна гэдгийг олж харлаа.

-Яагаад ОХУ-ын их сургуулиудтай хамтран ажиллахаар болсон бэ? Шинэ Монгол сургуулийн төгсөгчид ихэвчлэн Японы их дээд сургуульд элсэн суралцах сонирхолтой байдаг шүү дээ?
-Монгол, Орос улс  олон жилийн уламжлалт харилцаатай, манай  гол хөрш орон. Суурь шинжлэх ухааны хувьд аль ч орноос дутахгүй, өөрийн гэсэн школтой. Би Япон боловсролыг сайн мэднэ.Тэд хэрэглээ, технологи талдаа өндөр хөгжсөн, харин Орос суурь шинжлэх ухааны боловсролыг чухалчилж байгаа нь сонирхол татсан. Бид энэ чиглэлд монголын залуусаа бэлтгэх шаардлагатай байгаа юм. Бидний зорилго ижил тул хамтран ажиллахад амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа зөвхөн танилцах зорилгоор ирсэн хэдий ч хамтын ажиллагааны тодорхой санал, санаачилгууд гарсанд ихээхэн олзуурхаж байна.
-ОХУ-ын ямар их, дээд сургуультай хамтран ажиллахаар болсон бэ?
-Москвагийн Физик Техникийн дээд сургууль /МФТИ/ болон Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн Институт /ОИЯИ/ зэрэг сургуулийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
МФТИ буюу Москвагийн Физик Техникийн Дээд сургуультай хамтран ажиллах хамгийн боломжтой санагдсан. Өнгөрсөн жил Олон улсын физикийн олимпиад Индонези улсад болох үед миний бие МФТИ-ийн төлөөлөлтэй анх уулзаж байсан юм. Оросын багийн сурагчид бүгд МФТИ-д бэлтгэгдсэн байсан бөгөөд бүгдээрээ алтан медаль хүртэж байсан. Манай Монголын баг ч чамлахааргүй амжилт гаргаж түүхэндээ анх удаа оролцсон бүх хүүхдүүд медаль хүртсэн. Манай Шинэ Монгол сургуулийн сурагч Л.Дөлгөөн мөнгөн медалийн эзэн болж байв. Тэр үеэр Оросын багийн ахлагч, МФТИ-ийн орлогч ректор Артем Вороновтой танилцсан. Тэр монголын багийн амжилтыг хараад “Танай хүүхдүүд болон багш нар бидэнтэй хамтран ажиллавал бүгд алтан медаль хүртэх боломжтой” гэж, өөрийн их сургуулийн сургалтын системийн талаар ярьсан нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн учир бид энэ удаа зорьж ирсэн. Бидний уулзалт яриа ч их үр дүнтэй болсон.
Харин Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институттэй хамтран ирэх зун Монголд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөлөө. Энэ хурлын бэлтгэл ажлын хүрээнд биднийг албан ёсоор урьсны дагуу Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн харъяа ШМТДС-ийн Байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч О.Нямсүрэнгийн хамт хүрэлцэн ирээд байна. ОИЯИ-ийн Нэгдүгээр орлогч захирал Иткис Михайл тэргүүтэй албаны хүмүүс биднийг өндөр түвшинд хүлээн авсанд баяртай байна. Бид багш профессоруудын түвшинд хамтарсан судалгаа хийх боломжийн талаар ярилцаж, ирэх 8 дугаар сард болох эрдэм шинжилгээний хурлын үеэр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо. 
-Москвагийн их дээд сургуулиуд хамтран ажиллах саналыг хэрхэн хүлээж авсан бэ? Манай боловсролын талаар тэд хэр мэдээлэлтэй байна вэ?
-Бидний саналыг дээрх хоёр сургууль маань маш сайхан хүлээж авсан. Өөрсдөө ч хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Манай сургууль жирийн нэг сургуулиас ялгаатай нь төгсөгчдөө хаана, хэрхэн ажиллаж, сурч  буйг сайн мэддэг, төгсөгчдийнхөө талаарх бүхэл бүтэн багц мэдээлэлтэй байгаа нь тэдний сонирхлыг татсан болов уу? Америкийн "MIT"-д сурч төгсөөд Facebook компанид ажиллаж байгаа,Токиогийн Их сургуульд үүдэл эсийн судалгаагаар доктор хамгаалаад Харвардад постдокторт сурч байгаа төгсөгчийнхөө талаар ярихыг маань сонсоод тэд хамтран ажиллах боломжтой, чанартай мэргэжилтэн бэлтгэдэг сургууль гэдэгт итгэж бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн болов уу. Одоо бидний зүгээс тодорхой санал боловсруулж, цахим шуудангаар харилцаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл солилцож тогтмол харилцаатай байх нь чухал гэж бодож байна. Удахгүй бодит үр дүн гарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Таныг Москвагийн Цөмийн Физикийн инженерийн их сургуулиар бас зочилсон гэж сонссон?
-Москвагийн Цөмийн Физикийн инженерийн их сургуулийн тухайд албан уулзалт биш зөвхөн монгол оюутнуудтайгаа уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авч, энгийн сайхан яриа өрнүүлсэн. Дашрамд хэлэхэд МИФИ-ийн анхны монгол оюутан нь манай Шинэ Монгол сургуулийн төгсөгч Золбоо байсныг сонсох сайхан байлаа. Тэрээр одоо монгол дахь Цөмийн энергийн газарт ажиллаж байгаа. Энэ сургуульд бас төгсөгчдөө сургах олон боломж байгааг олж харсан тул удахгүй албан ёсны харилцаа тогтоох бодолтой байна.
-Манай ЕБС-иуд төгсөгчдөө бүрэн дунд боловсролтой болгоод л мартчихдаг шүү дээ. Шинэ Монгол сургууль сурагчдынхаа дараагийн шатны боловсролд хэр анхаарал тавьдаг вэ? Энэ тал дээр ямар бодлого баримталдаг вэ?
-Өмнө хэлсэнчлэн манай сургуулийн бусдаас ялгардаг нэг онцлог бол төгсөгчтэйгөө байнгын холбоотой ажилладаг, өөрийн гэсэн "ноу хау"-тай. Сурагч байхаас нь эхлээд мөрөөдлийг нь яриулж, бичүүлж, түүндээ хэрхэн хүрэх, ажил мэргэжлээ хэрхэн сонгох талаар карьерын сургалт, зөвлөгөөг дэс дараатай өгдөг. Ахлах сургуулийн 11 дүгээр ангиас нь эхлээд байгаль, нийгмийн ухаанаар төрөлжүүлэн, төгсөх анги хүртэл нь дараагийн шатны их дээд сургуулиа сонгосон, тухайн ажил мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгодог. Түүнээс гадна салбар салбарын мэргэжилтнүүдийг урьж авчирч сонирхолтой лекц яриа хийлгэж, зөвлөгөө өгч, ажлын талбар дээр нь очиж танилцуулах үйл ажиллагаа явуулдаг.

Аль улсын, ямар их дээд сургуульд сурвал хүсч зорьсон мэргэжлээрээ сурч болох, цаашид ямар салбарт ажиллах талаарх төсөөлөл мэдээллээ авсан хүүхэд  тухайн сонирхсон их дээд сургуулийнхаа шалгалтад бэлтгэж эхэлдэг. Энэ үе шатанд сургуулийнх нь шалгуур шаардлагыг танилцуулж түүний дагуу төвлөрч бэлдэх, анкетаа хэрхэн бөглөх, ярилцлагадаа хэрхэн хариулахаас эхлээд материалаа бүрдүүлж илгээх гээд алхам бүрт нь дэмжлэг үзүүлж, хариуцаж ажилладаг "Карьер" хөгжлийн төв гэж манайд бий.
Сурагчдынхаа дараагийн шатны боловсролд нь онцгойлон анхаарч ирсэн учраас  манай төгсөгчид дотоод, гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг маш амжилттай давж, хүссэн мэргэжил, чиглэлээрээ их дээд сургуульд элсэж чаддаг. Одоогоор манай 1700 орчим төгсөгчөөс 30 гаруй хувь нь Япон, АНУ, Их Британи, ОХУ, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орны, нэр хүндтэй их, дээд сургуулиудад сурч, үлдсэн 70 хувь нь дотоодынхоо их дээд сургуульд сурч төгсөөд байна. ОХУ-д 30-аад төгсөгч сурсан байдаг. Одоогоор 10 гаруй нь сурч байгаа бөгөөд 3 нь төгсөгч маань ирж уулзаж мэдээллээ өгөөд явсан. Маш сайн сурч байгааг нь сонсох сайхан байлаа. Ер нь Москвагийн Улсын Их Сургуульд
/МГУ/ бакалавр төгссөн, Москвагийн Эдийн засгийн их сургуульд доктор хамгаалсан шавь нар бас бий. Иймд бид сургалтадаа орос хэлийг орхигдуулахгүй байж Оросын их дээд сургуульд төгсөгчөө сургах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодлоо.
-Шинэ Монгол сургууль цаашдаа ямар зорилт тавин ажиллаж байна?
-Анх ахлах сургууль байгуулж байх үеэс л дэлхийн жишигт нийцэхүйц чанартай боловсролыг олгох үндсэн зорилго тавьсан. Түүндээ хүрэхийн тулд сургалтын хөтөлбөрөөс эхлээд сургуулийн соёл, сурагч төгсөгчдийн төлөвшил хандлага гээд бүхий л тал дээр анхаарч  ажиллаж ирлээ. Бид зөвхөн мэдлэгтэй иргэнээс илүүтэй сэтгэл сайтай, саруул ухаан, эрүүл чийрэг бие бялдартай ирээдүй хойчоо бэлтгэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Хичээл сургалтаас гадна, хичээлээс гадуурх үйл ажиллагааг  тэнцвэртэй хөгжүүлэхийг чухалчилдаг. Монгол улсыг нуруундаа үүрч явах манлайлагчид, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд бид зөвхөн тоон үзүүлэлтээр "сайн" сургууль байгаад зогсохгүй чанарын үзүүлэлтээр шилдэг байхыг зорьж байна. Үүний гол хэмжүүр нь төгсөгчдийн маань амжилт, аз жаргал, тэдний улсдаа болоод амьдарч буй нийгэмдээ оруулсан хувь нэмэр, хийж бүтээсэн үйл хэргээр хэмжигдэх болно. Шинэ Монгол сургуулийн үйл ажиллагааны үндсэн бодлого зарчмыг “Шинэ Монгол сургуулийн үзэл санаа” хэмээх баримт бичигт тусган өдөр тутамдаа хэрэгжүүлж ажилладаг даа.

 
Л.Нандиа
 
 
 
 
 
 
 
 

Монгол брэнд