Г.Бат-Орхон:Төсвийн хувьд амаргүй байсан ч бүтээн байгуулалтыг боломжийн хэмжээнд хийсэн

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-02-02 17:56:16
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр өвөлжилтийн байдал нэлээд хүндэрч байгаа билээ. Тодруулбал Орхонтуул, Баруунбүрэн, Орхон сумдын нутаг нэлээд их цастай анхаарал татаж байгаа юм. Ингээд Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхонтой уулзаж цаг үеийн болоод сум орон нутгийн ажил байдлын талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу?
-Сайн. сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна.аа.
-Орхон сумын өвөлжилтийн байдал хэр байна даа. Малчид мал бүхий иргэдийн тань өвөлжөө тавлаг, өвс тэжээл хүртээмжтэй байгаа юу. Мөн төр төсвийн байгууллагуудын ажил үйлс хийгээд өнөөгийн цаг үеийн байдлаар яриагаа эхлэх үү?
-Өнгөрсөн жилийн зуны 6, 7, 8-р саруудад хур тунадас бага орж, халалт ихтэй байснаас бэлчээр, хадлангийн ургац муудаж үүнийг дагаад мал өвөлжилтөнд сөргөөр нөлөөлж байна. Манай сум энэ жилийн хувьд зөвхөн малын тэжээлийн зориулалтаар малчин, мал бүхий иргэдэд хадлангийн талбай олгож, хадлан бэлтгүүлсэн. Гэсэн хэдий ч намар эрт цас унаж, нийт цаг уурын мэдээгээр 20 удаагийн давтамжтай цас орж цасны зузаан дунджаар 15 см, уулын ам, гуу жалганд хунгарласан цасны зузаан 30-45 см, цасны нягт хатуурал 13 гр/см байна. Өнөөдрийн байдлаар сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй дээр нь цас хатуурсанаас үхэр бэлчээрт гарах боломжгүй болоод байгаа. Бид саяхан хөдөөгийн багийн бүх чиглэлийн малчин өрхүүдээр явж өвөлжилтийн байдалтай танилцаад ирлээ. Малчдын бэлтгэсэн хадлан тэжээл  нэлээд багассан байна. Хүнс ХААХҮЯ-наас зарлаж байгаа ”Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд ОХУ-аас импортоор орж ирж байгаа малын тэжээлийн захиалгыг 90 гаруй малчин өрхөөс авч 20 гаруй тн хивэг нийлүүлэхээр холбогдох байгууллагад хандаад байна. Мөн энэ сарын 1-ний өдөр малчдын зөвлөлгөөнөө хийсэн. Тэднийхээ санал хүсэлтийг нь холбогдох байгууллагад уламжлан бусад дэмжлэгийг үзүүлнэ гэж бодож байгаа. Сэлэнгэ аймгийн Улаанзагалмайн хороо, төв улаанзагалмайн нийгэмлэгийн тусламжинд өнгөрсөн жилийн 4 сард 30 өрх, /2017 оны өвөл хүнд байсан/ 12 дугаар сарын сүүл, 2018 оны 1 дүгээр саруудад 50 өрх нийт давхардсан тоогоор 80 малчин өрхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг тодорхой болзол шалгуурт нийцсэн өрхүүдэд олгосон. Мөн аймгийн удирдлага, ХХААГазарт өвс дутагдалтай байгаа талаар мэдээлж тодорхой дэмжлэгийг үзүүлэхээр хариу ирүүлсэн байгаа. Төр төсвийн байгууллагуудын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ харьцангуй сайн ханган хэвийн ажиллаж байна.
-Таны хувьд Орхон сумын Засаг даргын албыг хашаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө бүтээлч ямар ажил амжуулав. Бүтээн байгуулалтын ажил хэр хийгдэв?
-2017 он төсвийн хувьд хэмнэлтийн горимд шилжсэн амаргүй жил байсан. Гэсэн хэдий ч сум орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил боломжийн хэмжээнд хийгдсэн гэж үзэж байгаа. Тэр дундаа боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулалт татаж ажилласан. Аймгийн ОНХС-аас 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн барилгын дээврийн засвар, аймгийн Засаг даргын нөөцөөс 5622000 төгрөгөөр уурын зуухны тогоо, дотуур байрны зөөлөн эдлэл, орон нутгийн хөрөнгөөр ЕБС-ийн хичээлийн байрны гадна 510 м.кв талбайг цементээр бетондож авто машины зогсоолыг хийж, спорт заалны шалыг шинэчлэхэд 15.0 сая төгрөгийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын зүгээс 54.0 сая төгрөгөөр цэцэрлэгийн цэвэр бохир усны асуудлыг бүрэн шийдвэрлэж цэцэрлэгийн хүүхдийн сурч боловсрох хүүхдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлж чадсан. Аймгийн төсвийн тодотголын хүрээнд цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг 6.0 сая төгрөг, ААН байгууллагын хөрөнгө оруулалтаар гадна тоглоом 5.8 сая төгрөг, ЕБС-ийн хоёр ангийн ширээ сандал бусад комьпютер өнгөт принтер гэх мэтээр боловсролын салбарт 200 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдээд байгаа. Үүнээс гадна төсвийн байгууллагуудын удирдлага хамт олон идэвх санаачлагатай байж байгууллагын өнгө үзэмжээ сайжруулах хаягжилт, бусад тохижилтын ажлуудыг боломжийн хэмжээнд гүйцэтгэж ажилласан. Дэд бүтцийн ажлын хүрээнд аймгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 42-р зөрлөгөөс Шийр суурингийн зам хооронд намагшсан газар болох 1.6 км замын засварыг 20.0 сая, сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил”-ыг 20.0, гудамжны гэрэлтүүлгийг солих, цагийн механизмд шилжүүлэх ажлыг 6297000 төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгэлээ. Мөн Бэлэндалай багийн 42-р зөрлөгийн 60кв хүчин чадалтай АТП-ын хүчин чадлыг нэмэгдүүлж 100 квт, сумын төвийн Цагаан овоо /голын зах/ хэсгийн айл өрхийн цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг ДСЦТС ХК-нийн Хөтөл салбарт уламжлан бүрэн шийдвэрлүүлсэн. Түүнчлэн сумын интернэтийн байгууламжийн арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээний талаар  холбогдох байгууллагад уламжлан харилцан ярилцаж барилгын гадна дотор засварын ажлыг хийлээ.
-Сумын Засаг дарга Г.Бат-Орхон та сумын иргэдийнхээ дуу хоолой болон аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон сууж байгаа. Энэ хугацаанд сум орон нутгийнхаа ямар асуудлыг аймгийн хурлаар шийдвэрлүүлэв?
-Тиймээ. Юуны өмнө итгэл өгч аймгийн ИТХТөлөөлөгчөөр сонгосон нутгийн иргэдэд талархаж явдгаа илэрхийлье. Сум өөрөө бие дааж шийдэх боломжгүй асуудал мөн 4 жилийн хугацаанд дэвшүүлэн тавьсан бодлого зорилт, амлалтаа хэрэгжүүлэх томоохон ажлуудаа сум, аймгийн ИТХ-аараа баталгаажуулж ажил хэрэг болгох, цаашлаад улсын төсвөөр шийдүүлэх гэх мэтчилэн иргэдээс гарч буй санал бодолд тулгуурлан аль болох шийдүүлэх талаар хичээн ажиллаж байна. Манай баг хамт олон, байгууллага иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, орон нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргах бодлого зорилтын хүрээнд томоохон төсөв хөрөнгө шаардсан ажлууд хийхээр бодлогоо тодорхойлсон.  Нэгдүгээрт сум маань бүтцийн хувьд замтай холбогдож харьцангуй сайхан болсон ч сумын нэгдсэн халаалт, цэвэр бохирын шугам байхгүйгээс бүх албан байгууллагууд зөөврийн ус хэрэглэх, гаднаа бие засах гэх мэт наад захын эрүүл ахуйн хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүй байсаар байна. Хоёрдугаарт ЕБС-ийн дотуур байрны асуудал. Одоо ашиглагдаж байгаа байр хуучин САА-н албан конторын зориулалттай /зориулалтын бус байр/ 24 хүүхэд суух хүчин чадалтай байх байтал 80 гаруй хүүхэд амьдарч байна. Дээрх хоёр асуудал ихээхэн хөрөнгө мөнгө шаардсан ажлууд юм. Үүнээс нэгдсэн халаалт, цэвэр усны шугаманд холбох ажлыг аймгийн Засаг даргад санал тавьсан. Дарга өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн хүний хувьд ойлгон хүлээн авч шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн 430.0 төгрөгийн төсөвт өртгийг батлуулж 2018 онд ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ асуудал бол суманд шийдэх ёстой хамгийн чухал сумын хөгжлийг ахиулсан ажил болно. Хоёрдох асуудал сурагчдын дотуур байр барих ажлыг тойргынхоо УИХ-ын гишүүнд санал тавьж шийдүүлэхээр ярилцаад байгаа. 2018 онд Орхон суманд нэгдсэн инженерийн шугам сүлжээ байгуулах ажлыг 430,0 сая, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Орхон сумын ЭМТ-ийн ариун цэврийн байгууламж, моргын барилгын засварын ажил 54,0 сая, аймгийн замын сангийн хөрөнгөөр, замын гэрэлтүүлгийн ажил 20,0 сая, 10 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг 20,0 сая төгрөгийн өртөгтэйгээр тус тус гүйцэтгэхээр аймгийн ИТХ-аар батлуулсан байгаа. Мөн сумынхаа хөрөнгө оруулалтаар 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийхээр төлөвлөөд байгаа. 
-Өнөөдөр Орхон сумын иргэдийн өмнө тулгамдсан ямар асуудал байна. Иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр танай суманд юу байдаг бол. Ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн гээд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай иргэдэд хүрч ажиллаж чадаж байна уу?
-Манай сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр бол газар тариалан, мал аж ахуй байдаг. Суманд газар тариалангийн чиглэлээр 30 ААН, 20 гаруй иргэд үр тариа, 140 гаруй иргэн төмс хүнсний ногоо тариалдаг. Малчин мал бүхий 426 өрхийн 104946 мал өвөлжиж байна. Иргэдэд гол тулгамдсан асуудлын нэг нь мал, тариа хоёрын маргаантай асуудал байдаг. Хоёулаа л иргэдийн гол амьжиргааны эх үүсвэр. Юунаас болж байна гэхээр манай сум харьцангуй бага газар нутагтай. Орхон сум нийтдээ 130.0 мянган га талбайтай үүний 4/1 хувийг тариалан болон төмс хүнсний ногооны талбай, 9000 гаруй га талбай нь хадлангийн нөөц газар, ой ус, зам харгуй, төв суурин газрууд гэх мэтчилэн цаана малчдын дөрвөн улирлын сэлгээнд ашиглах нөөц бэлчээр газар байхгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудлыг нэг болоод байгаа. Хавар тариалалт эхлэхээс намар ургац хурааж дуусах хүртэл хуулийн хугацаанд хил залгаа Орхонтуул, Баянгол зэрэг сумын удирдлагуудад жил бүр хүсэлт тавьж 50-иад малчин өрхийг гадагш зусуулах жишээтэй. Орхон сум 86.0 мянган бэлчээрийн газар нутагтай гэж тооцвол 86.0 мянган хоньтой байна гэсэн үг. Гэтэл 104946 толгой мал буюу хонин толгойд шилжүүлбэл 204867 хонин болж байгаа юм. Бэлчээрийн даац 1.9 дахин хэтэрч бэлчээр доройтох, цөлжих гэх мэт маш их асуудал үүсч байгаа. Иймд малын механик өсөлт буюу шилжин ирж буй малын тоог хязгаарлах, тариалангийн бүс нутаг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Манай аймгийн бодлого ч энэ тал дээр чиглэж байгаа. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутаг болгох нь” олон улсын онол практикийн бага хурал болж эндээс гарсан хэлэлцүүлэг уриалгыг аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэн Монгол Улсын Засгийн газарт аймгийн удирдлагууд хурлынхаа шийдвэрийг уламжилсан. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг руу орох малын урсгалыг хязгаарлах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал сүргийн бүтэц, чанарт анхаарах дорвитой шийдвэр хэрэгтэй байгаа юм. Мөн манай сумын хувьд өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд үндсэн 2 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайлал 1-рт Шийрийн эртийн ургацын төмс хүнсний ногооны борлуулалт эхлэхтэй зэрэгцүүлэн хэвлэл, мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр зах зээлд сурталчлах нэгдсэн зохион байгуулалтаар хангаж сав баглаа боодлыг “Сэлэнгэ Орхон сум “шийрийн эртийн ургацын төмс” нэртэйгээр зах зээлд таниулах ажлыг сум орон нутаг, Шийр сууринд төмс хүнсний ногоо тариалж байгаа иргэдийн оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна. Төмс хүнсний ногооны борлуулалтын хувьд эрт ургацын ногооны борлуулалт эрт явагддаг, орой болцтой таримлын борлуулалт оройтож хийгддэг тул үүнтэй уялдаад үнэ хямдрах асуудал гардаг. Манай ногоочдын хувьд аль болох эрт ургацын ногоо тариалж байж бүтээгдэхүүнээ үнэтэй борлуулах боломжтой байдаг. Бэлэндалай багийн Шийр суурин, 42-р зөрлөгт төмс хүнсний ногоо тариалдаг ногоочид маань эрт ургацын Солист сортын төмсийг тариалан 4 сарын сүүлээр тариалалт хийж, 7 сарын дундуур хураан авч зах зээлд борлуулдаг болоод байна. 2-рт. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. Дархан Эрдэнэтийн зам дагуу сүү хөргүүрийн танк байрлуулах тал дээр мөн холбогдох дээд шатны байгууллагуудад санал тавин ажиллаж байна. Хэрэв шийдэгдвэл Орхонтуулын хуучин төв, Сант зэрэг зэргэлдээх сумдын малчдын сүүний борлуулалт дагаад нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Дээрх асуудлуудыг шийдэж чадвал манай сумын малчдын болон ногоочдын орлого нэмэгдэж амьжиргаа нь дээшилж дагаад ажлын байрууд нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, “Зорилтод бүлгийн иргэдийн хувьд багийн Засаг дарга болон нийгмийн халамжийн судалгаанд үндэслэн төсөл хөтөлбөрт хамруулах журмаар ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн жил 5 өрхийг малжуулах хөтөлбөрт, 20 гаруй өрхийг төсөл хөтөлбөрт хамруулсан байгаа.
-Сумын бренд болсон ямар ажил бүтээгдэхүүн байна. Хэзээнээсээ алдартай орхон хонины цөм сүрэг танай суманд байдаг. Танай сумын бренд болж чадсан энэ сүргийн талаар сонирхож байна?
-Сумын “Брэнд” бүтээгдэхүүний хувьд нарийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонь, мөн сүүлийн жилүүдэд ногоочид маань “Шийрийн эрт ургацын төмс” гэсэн брэнд бий болгоод байгаа. Орхон хонины хувьд үүлдрийн цөм сүрэг нь Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуйн эзэмшилд манай суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн манай сумын малчид  тодорхой тооны Орхон хонийг  өсгөн үржүүлдэг. Хаврын үзлэг ангилалт, хээлтүүлэг гээд үржлийн ажил үйлчилгээг нь СҮЦСАА хариуцаад зохиомол хээлтүүлгийг сумын Засаг даргын захирамжаар жил бүр хийж байна. Үржлийн чанар хангасан хээлтүүлэгчийг  иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах гэх зэрэг үйлчилгээг явуулдаг. 2017 онд зохиомол хээлтүүлгэнд бүгд 529 эм хонь хамрагдаж, хуцны хээлтүүлгэнд  826  эм хонь  нийт  1355 толгой хонийг хээлтүүлэгт хамруулсан. 14 малчин өрх айл, 3 ААН-д нийтдээ 4000 гаруй толгой Орхон хонь байна.
-Хүүхэд залуучуудаа хөгжүүлэх, ахмад настнаа дэмжих чиглэлээр ямар ажил үйлчилгээг хийж хэрэгжүүлэв?
-Сумын Засаг даргын санаачилгаар Орхон бүсийн Засаг дарга нарын нэрэмжит “Эх хэлдээ эзэн нь байя” монгол хэлний хичээлийн стандарт олимпиадыг Орхон бүсийн 8 сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж 177 сурагч, 16 багшийг хамруулсан. Мөн манай Орхон бүсийн ИТХ-ын дарга нар хурлынхаа нэрэмжит гадаад хэлний олимпиадыг хариуцан ээлжлэн зохион байгуулж хэвшсэн. “Сумын хөгжилд–Хүүхдийн оролцоо” сумын хүүхдийн анхдугаар чуулганыг зохион байгуулж орон нутгийн түвшинд хүүхдийн дуу хоолойг сонслоо. “Сумын хөгжилд–Хүүхдийн оролцоо” чуулганыг VI-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулж, “Цахим орчны зохистой хэрэглээ”, “Сургуулийн орчин ба нөхөрсөг харилцаа”, “Мэргэжил сонголт”, “Гэр бүлд эх хүүхэд хамгаалал”, “Сумын хөгжилд хүүхдийн оролцоо” зэрэг 5 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, гарсан саналыг ЗДТГ-ын ажил, бусад байгууллагуудын ажил төлөвлөлтөнд тусган ажиллаж байна. Манай сумын залуучууд гар бөмбөгийн спортоор маш сайн хичээллэж аймаг, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай сайн оролцож тогтмол эхний байруудад шалгардаг. Амжилт гаргасан тамирчдыг тодорхой хэмжээнд дэмжин урамшуулдаг. Дээр ярьсанаар сумынхаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүүхэд залуучуудын тоглоомын талбайг сэргээн засварлаж нэмэлт тохижилт хийж гүйцэтгэсэн. Манай сумын В.Лхагважав даргатай ахмадын байгууллага маш сайн ажиллаж байгаа. Сумандаа ахмадад чиглэсэн үйл ажиллагаа, тэмдэглэлт баяр ёслол, амралт сувилал гэх мэт ахмадуудаа татан оролцуулах, оролцоог хангах олон ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. Өнгөрч байгаа 2017 онд үйл ажиллагаагаараа Улсын Тэргүүний ахмадын хороогоор шалгарсан, аймгийн ахмадын шилдэг байгууллагаар өмнө нь удаа дараа шалгарсан олон амжилттай. За хөрөнгө санхүүгийн хувьд тодорхой хэмжээнд дэмждэг ч гэсэн хүрэлцдэггүй хүндрэлтэй асуудал байдгийг хэлэх хэрэгтэй байх.
-Сумын төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагуудын ажлын уялдаа холбоо ямар түвшинд байна. Хувийн хэвшлийн байгууллагуудаа нийгмийн сайн сайхны төлөөх ажилд хэрхэн татан оролцуулж, хамтран ажиллаж байна вэ?
-Сумын Засаг даргын 2017 оны А/31 тоот “Хамтын ажиллагааны чиглэл бий болгох тухай” захирамж шийдвэр гаргасан. Гэхдээ харилцан үр ашигтай байхаар газар тариаланд хэрэгтэй үед нь хүн хүчний туслалцаа үзүүлэх, ААН байгууллага нь олсон орлогоосоо тухайн байгууллагын үйл ажиллагааг санхүүгийн хувьд дэмжих гэсэн үг. Ийм учраас газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн захирлуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан, төр төсвийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд сумын 12-р цэцэрлэгт 5.8 сая төгрөгийн өртөг бүхий олон үйлдэлт тоглоом, ЕБС-д 2 ангийн сурагчийн ширээ сандал, ЭМТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн орыг бүрэн шинэчиллээ. Мөн гэрлэн хаяг, сумын төвийн камер, орон нутаг сурталчилах танхимын тохижилт, Ахмадын өдрийг тохиолдуулан шеф байгууллага нь тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны зардлыг хариуцах гэх мэтчилэн 30 гаруй ААН байгууллага нийгмийн харицлагаа ухамсарлан дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан байгаа. Мөн сумын төвд “Ногоон төгөл” байгууламж шинээр бий болгох ажилд ААН байгууллагын дэмжлэгийг авч төрийн албан хаагчид, иргэдийн идэвх оролцоотойгоор 0.5 га талбайг хашаажуулсан. Энд 400 гаруй нарс, монос, агч зэрэг модны суулгац, хамгаалагдсан газар буюу хашаатай 140 гаруй айл өрх, 10 гаруй ААНэгж, албан байгууллагуудад 600 гаруй нарс мод, 400 гаруй жимсний модны суулгацаар хангаж арчлалт хамгаалалтыг хариуцуулан ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн. Дарханы ургамал газар тариалан эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд ирж зөвлөмж зөвлөгөө өгч ажилласнаар ургалт 90 гаруй хувьтай маш сайн байгаа.
-Сум орон нутгийнхаа ажил үйлсээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ