Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-02-02 16:23:59
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 125 жилийн ойн өнөөдөр тохиож байна. Ойн өдөрт зориулж аймаг орон нутгийн удирдлагууд, зочид төлөөлөгчид, Баруун-Урт цэргийн хүрээний анги салбарууд болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд нутгийн ард иргэдийн хамтаар жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга З.Энхтөр нийт иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Жанжин Д.Сүхбаатар бол бид бүхний бахархалт хүмүүн. Түүний байгуулсан гавъяа зүтгэлийг МАН-тай хамт цагийн урсгал, түхийн нугачаанд үнэ цэнийг нь бууруулахгүй өндөрт өргөж яваа жанжны нутгийн бахархалт ард түмэндээ болон нийт Монголчууддаа ойн мэнд дэвшүүлье. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 125 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг томилж, төлөвлөгөө боловсруулан бүтэн сарын турш олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгууллаа. Жишээлбэл, Монгол цэргийн музейтэй хамтарсан үзэсгэлэн, аймгийнхаа музейд жанжны нэрэмжит танхим байгуулах, ЕБС-иудын дунд нэгж хичээлийн уралдаан, онол практикийн бага хурал зэрэг шинэлэг ажлуудыг дурдаж болно. Эдгээр ажлыг Сүхбаатарчууд бид уламжлал болгон зохион байгуулах нь залуу хойч үедээ түүхэн бодит үнэнийг ойлгуулсан ажил болно гэж үзэж байна. Цаашид аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө, их жанжины хэлж байсан гүн гүнзгий утгатай холч мэргэн үгийг санан хүчээ нэгтгэж, эв эеийг эрхэмлэн зүтгэвэл аль ч цаг үед Сүхбаатарчууд оройлон манлайлагч, олон бүгдийн сэтгэл, итгэлийн түүчээ болсоор байх нь дамжиггүй.” гэв.

Мөн их жанжин Д.Сүхбаатарын мэдэлсний 125 жилийн ойд зориулан өнөөдөр Шилдэг сурагч шалгаруулах уралдаан, "Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Сүхбаатар" сэдэвт нэгж хичээлийн уралдааны шилдгүүдэд болон зарим төрийн албан хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, ойн баярт зориулсан хүндэтгэлийн концерт Жаахан шарга театрт тоглосон юм. 
Т.Одончимэг
Холбоотой мэдээ