Удирдлагын шилдэг баг урьж ажиллуулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-02-02 14:23:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр  640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барьж байгаа бөгөөд  2018 оны наймдугаар сард ашиглалтанд орох юм.
640 хүүхдийн шинэ сургууль нь боловсролын стандартад нийцсэн, шинэчлэл бүхий загвар сургууль болох материаллаг бааз бүрдэж байгаа бөгөөд удирдлагын шинэ багийг урьж ажиллуулах шаардлагатай байгаа ажээ.
Иймээс сумын Засаг дарга Б.Дэндэвсамба тэргүүтэй ажлын хэсэг Улаанбаатар хотын шилдэг тэргүүний сургуулиудын удирдлага, багш нартай уулзалт зохион байгуулж, туршлага солилцоод ирсэн байна. Сурлагын чанар, элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээр эхний байруудад ордог Улсын тэргүүний 1-р сургууль, 84-р сургууль, Шинэ эрин, 93-р сургуулиудын хамт олонд шинэ сургуулиа танилцуулж, удирдлагын багт саналаа өгч хамтран ажиллахыг хүслээ. Уг шинэ сургуулийн 2018 оны хичээлийн шинэ жилээр ажиллах удирдлагаас бусад боловсон хүчин, хувьсах зардал, дотоод тохижилтыг бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд ойрын 3-5 жилд хамтран ажиллах удирдлагын багт санал өгөхийг урьж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Удирдлагын баг нь шинэ сургуулийн сурлагын чанар, хүмүүжил ёс суртахууныг тэргүүн зэрэгт хүргэж, улс, аймгийн хэмжээний шилдэг сургууль болгох зорилготой ажиллах юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ