top banner

Алтны салбарын хэтийн төлвийг хэлэлцэнэ


2018-02-02 14:02:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын алтны хайгуул олборлогчдын нэгдсэн холбооноос алтны салбарын хэтийн төлөв, үндсэн ордын технологийн шийдэл, хөрөнгө оруулалт хийх боломжийг эрэлхийлэхээр “Мongolia gold-2018” форумыг ирэх  сарын 15,16-нд "Корпорейт конвейшн" төвд зохион байгуулахаар ажиллаж байна.

Тус форумаар Монголын алтны геологи хайгуул, судалгааг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, дэлхийн дэвшилтэт техник, технологи, туршлагыг нутагшуулах болон  нөхөн сэргээлт, хайгуулын шийдлүүдийг   хэлэлцэх юм байна.

Форумын үр дүнд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагынхан “Алт-2” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх оролцоог хангах, зөв хувилбарыг сонгож,  хамтран ажиллах шийдэлд хүрэх аж.

“Алт-2” хөтөлбөрт тусгаснаар алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тонн-д хүргэх зорилт дэвшүүлжээ.

Судалгаагаар алт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4 тонн, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тоннд  хүрэх боломжтой гэж үзжээ.

Дашрамд дурдахад Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд 30 тоннын хүчин чадал бүхий алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар ажиллаж буй юм.

Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд