top banner

Хиймэл оюун ухааныг ашиглан ходоодны хавдрыг 90 хувийн нарийвчлалтайгаар оношилжээ


2018-02-02 13:15:43
Зураг
ТОКИО. /ТАСС/. Токио хотын болон зэргэлдээх Сайтама мужийн эрдэмтдийн бүтээсэн хиймэл оюун ухаан нь ходоодны зурагны үндсэн дээр хорт хавдрыг 90 хувийн нарийвчлалтайгаар оношилсон байна. Энэ тухай Майничи сонинд мэдээлжээ.
 
Эхлээд эрдэмтэд өвчний үе шатаас хамааран томорсоор байгаа хавдрын 13 мянган ширхэг дурангийн шинжилгээний зургийг цуглуулан өгөгдлийн сан байгуулжээ.
 
Үүний дараа хиймэл оюун ухааны системийг бодит байдал дээр туршсан аж. Уг систем 69 өвчтөнөөс авсан ходоодны шинжилгээний 2 мянган ширхэг зургийг хянан үзээд 90 хувийн магадлалтайгаар зөв онош тавьсан ба өвчлөл эхний үе шатнаас даамжран хүндэрч, хавдар илүү тод мэдрэгдэж буй тохиолдолд илүү нарийвчлалтайгаар онош тогтоож байжээ. 
 
“Ирээдүйд хиймэл оюун ухаан нь хүнийг орлож, нарийвчлалын хувьд хүнээс ч илүү оношилж чадах магадлалтай юм. Бид хиймэл оюун ухааны системийн туршилтаа үргэлжлүүлэх бөгөөд ойрын хугацаанд практикт нэвтрүүлнэ гэж найдаж байна” гэж профессор Тада Томохиро ярилаа. Ийм төхөөрөмж ашигласнаар эмч нар цаг алдалгүйгээр илүү хүнд өвчлөлд анхаарлаа хандуулах боломжтой болох юм.
 
Японы Хавдар судлалын төвийн мэдээллээр, 2016 онд Японд хавдрын оноштой өвчтөнүүдийн тоо анх удаагаа 1 саяас давжээ.
 
Э.Аянзаяа
 

Сурталчилгаа
Монгол брэнд