Яруу найрагч Ш.Лхамноржмаагийн "Даяарын амгалан" цэнгүүн болно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2018-02-02 12:09:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.МЗЭ-ийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Ш.Лхамноржмаагийн “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүн маргааш 15:00 цагт Соёлын төв өргөөнд болно.  Цэнгүүнд МУГЖ Д.Ширмэнтуяа, Ө.Уянга нар “Ижий улирал”, Л.Болдбаатар "Санахын гэгээ", "Шуранхайт нутаг" уран бүтээлээр ороцлох бол “Би чамд хайртай”, “Зүрхний гижиг” дууг нь Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хослон найрагчийн шүлэг, түүний  хань хөгжмийн зохиолч Цэ.Эрдэнэбатын дуунууд эгшиглэнэ. Мөн саяхан шинээр зохиосон шүлгэнд нь хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын аялгуу зохируулсан “Сүүн замтай Монгол” дууг нь СТА, дуучин Ж.Жамсранжав, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дуулна.
Дуунаас гадна шүлэг, яруу найргаар үзэгчдийг хөглөх юм байна. СГЗ Г.Равдан, хөтлөгч Д.Цовоо, Б.Гантигмаа нар яруу найрагчийн шүлгүүдээс уншиж, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нар уран бүтээлийн дээжээ өргөх юм. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, продюссерээр УДЭТ-ын ахлах менежер, СТА Б.Гэрэл ажиллаж байна.
Ш.Лхамноржмаа  “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурван цомог хэвлүүлсэн. 2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргаж байв. Ш.Лхамноржмаа тоглолтоо  "Даяар амгалан" гэж нэрлэсэн “Даяарын амгалан гэхээр яагаад ч юм бэ, мөнх цаст дүнжгэр их уулс, саруул уудам тал нутаг миний нүдэнд харагддаг юм. Нутаг амьтай, уул ус үг сонсдог, хүнээ санадаг гэдэгт би итгэдэг. Бид ядарч зүдрэхээрээ уул усандаа ханддаг хэрнээ эргүүлээд юу ч өгч чаддаггүй. Сайхан дуу дуулахад уул ус баярлаж, сайхан магтаал сонсоод уул овоо инээдэг гэдэг юм билээ” гэж тайлбарлажээ. Түүний цэнгүүнд саяхан байгуулагдсан Архангайн зохиолчдын "Хан Тамир" төвийнхөн ч хүндэтгэл үзүүлнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ