Ардчилсан намын хороо эсэргүүцлийн жагсаалд нэгдлээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2018-02-01 19:57:21
Говь-Алтай/МОНЦАМЭ/  Монголын Ардчилсан намаас улс даяар бүх нийтийн эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулсан билээ. Уг жагсаалд Говь-Алтай аймаг дахь Ардчилсан намын хорооны удирдлагууд, гишүүд дэмжигчдийнхээ хамтаар нэгдэн Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд жагсаал хийлээ.
Говь-Алтай аймаг дахь Ардчилсан намын хороон дарга Ц.Нанзаддорж жагсаалд оролцогчдод хандан хэлэхдээ, “Ард иргэдийг татварын дарамтанд оруулж, халаасыг нь хоосруулж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хаяж гадуурхан, олигархууд түрэн орж ирснээр ажилгүйдэл газар авлаа. Ардчилсан төрийн амин сүнс болсон хуулийг дээдлэх зарчмыг уландаа гишгэн эрх мэдэлтнүүд өөрийн үзэмжээр шийдвэр гаргадаг боллоо. Төрийн албан хаагчдыг хоморголон халж садан хамаатнуудаараа төрийн албыг дүүргэж, мөрөөрөө ажлаа хийж байсан иргэдийг хэлмэгдүүлэх нь хэрээс хэтэрлээ. Энэ нь Монгол ой санамжийг үгүй болгон сульдаанд оруулж байна. Ажлаас халагдсан иргэдийн тоо аймгийн хэмжээнд 1400, улсын хэмжээнд 36 мянгад хүрээд байгаа нь харамсалтай байна. Мөн аймгийн удирдлагууд газрын доорх баялгийг лиценз нэрээр тарааж, нөхөн сэргээлт нэрээр уул усыг ухуулж байна. Говь-Алтай аймгийн иргэдийн итгэлийн хүлээж УИХ-д сонгогдсон УИХ-ын, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд таныг  өөрийн сонгогдсон аймагт болж буй завхралыг эцэс болгож хуулийг дээдэлдэг үлгэр жишээ аймаг болгохыг уриалж байна” хэмээлээ. 
Энэхүү жагсаалд ажлаасаа халагдсан залуу боловсон хүчин, ахмад үеийнхэн орон нутгийн удирдлагуудад өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэхээр оролцож байгаагаа илэрхийллээ. Жагсаалын төгсгөлд Говь-Алтай аймаг дахь Ардчилсан намын дарга, гишүүд дэмжигчдийн төлөөллийн хамтаар татварын нэмэгдлийн бууруул, амлалтаа биелүүл, авилгалыг зогсоо гэх мэт шаардлага бүхий хуудсыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатад хүргүүлэв.
Э.Нарангэрэл 
 
Холбоотой мэдээ