top banner

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван талт гэрээ байгуулав


2018-02-01 19:09:52
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Багийн засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагч нарын нэгдсэн зөвлөлгөөн Дархан сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо.
Зөвлөлгөөнөөр Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс /ГХУСАЗЗ/ 2017 онд зохион байгуулсан ажил, 2018 онд хэрэгжүүлэх ажлын тухай мэдээллийг сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Ж.Балжинням танилцуулав.
Зөвлөлгөөний үеэр Дархан сумын ГХУСАЗЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, багийн засаг дарга нар, хэсгийн байцаагч нар 2018 оны хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гэрээнд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам зэрэг хууль тогтоомж, эрх зүйн актуудад заасан эрх үүргийн хүрээнд харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг дүгнэж олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх үндсэн зорилгыг агуулжээ.

Түүнчлэн багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх газрын тоог бууруулах, дэн буудлууд архидалтын үүр уурхай болсон учраас ялангуяа орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулах буудлыг цэгцлэх, гэр хорооллын айлуудын хаягжилтаас үүдэж цагдаа, эмнэлэг, онцгой байдлын газрын автомашин хүрэлцэн очих боломжгүй зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
 
Л.Отгонбаатар

Сурталчилгаа
Монгол брэнд