Хагас зуун жил болсон цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн нээлт боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-02-01 19:02:30
Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлтээ хийлээ. Төслийн гүйцэтгэгчээр ХБНГУ, Итали улсын хамтарсан “Pfeiffer and Emit” компани ажиллах юм байна. “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” хэрэгжсэнээр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын болон насос станцын үйл ажиллагааны чанарын төвшин дээшилнэ.

Тус төслийн нийт өртөг нь 20.68 сая ам доллар бөгөөд үүний 10 хувийг Монгол Улсын Засгийн газар, 90 орчим хувийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Дархан-Уул аймгийн хот байгуулалтын төлөвлөлтийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлснээр чанар аюулгүй байдлын үзүүлэлтийн түвшин дээшилж, хүн амын амьдрах орчин төлөв байдлыг сайжруулах зорилготой хэрэгжиж байгаа энэхүү төсөл 2020 он хүртэл үргэлжилнэ. 

Төсөл хэрэгжсэнээр цэвэрлэх байгууламжийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлт стандартын шаардлагад хүрэх, Ашиглагч байгууллагын бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч эдийн засгийн үр өгөөж дээшлэх, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын төвшин сайжирч үйл ажиллагааны зардал буурах давуу талтай юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр 50 гаруй жил болсон Төв цэвэрлэх байгууламжийн одоо ашиглаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос станцыг бүрэн шинэчилж тоноглон цэвэрлэх байгууламжид төвлөрөх бохир усны цуглуулалтыг ихэсгэж эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх боломжийг бий болгох юм.
Ингэснээр Дархан хот болон Хараа голын сав газрын амьдралын нөхцөл байдал сайжрах ач холбогдолтой ажээ. 
Нээлтэд аймгийн удирдлагууд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ