Туршилтаар шар сүү үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-02-01 15:59:01
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк /ҮТП/ туршилтаар шар сүү үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Одоогоор 130 орчим литр шар сүү үйлдвэрлэжээ. Шар сүүг үнэ нь савлагаанаас хамаарч 750-900 төгрөгийн үнэтэй байна. 

Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор сумдад Сүүн бүтээгдэхүүний сүлжээ үйлдвэр байгуулахаар Сүхбаатар хөгжил ҮТП дээр туршилтын үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн. Энэ туршилтын үйлдвэр нь аарц, ааруул, зөөхий, нэрмэл архи, шар сүү үйлдвэрлэж байгаа бөгөөд одоогийн байдлаар аарц 56,5 кг, айргийн тос 7,47 кг, шар сүү 122,5, нэрмэл архи 14,38 л үйлдвэрлэж 720,3 мянган төгрөгийн орлого олсон байна. Мөн ааруул, нэрмэл архи, шар сүү, зөөхийг стандартын шаардлага хангасан савалгаатай болгон худалдаанд гаргаж байгаа аж.
“Цаашид энэ төрлийн үйлдвэрийг бүх сумдад байгуулахаар төлөвлөж байгаа. Сумдад гарсан бүтээгдэхүүнийг төв үйлдвэр дээрээ авчирч зориулалтын савлах шугамаар өөрсдөө савлахаар төлөвлөж байна. Харин бүтээгдэхүүнийг, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сүлжээгээрээ дамжуулан борлуулах маркетингийг манайх хариуцах юм” хэмээн Сүхбаатар хөгжил ҮТП-ын захирал Т.Шинэхүү хэллээ.

Мөн Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн барилгын ажлын зураг төсөв хийгдэж эхэлсэн байна. Сүүний үйлдвэр нь сүү ариутгах, айраг эсгэх, айраг нэрэх, аарц шүүх, ааруул хатаах, ааруулыг савлах, нэрмэл архийг шүүж савлах гэсэн бүтэцтэй байх юм.
Т.Одончимэг
 
 
Холбоотой мэдээ