top banner

Хөл бөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгүүдийг царцааны нүүдэл дайрч болзошгүй


2018-02-01 12:55:43
Зураг
МОСКВА. /Ройтерс/. Энэ зуны хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг царцааны нүүдэл дайран “дэлхийн хэмжээний дуулиан шуугиан” дэгдээж болзошгүй гэж Оросын Хөдөө аж ахуйн яамны албаны хүн мэдэгджээ.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн газрын дарга Петр Чекмарев өчигдөр Москва хотод болсон нэгэн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “Энэ зун дэлхий дахин Орост чуулна. Хөл бөмбөгийн талбай ногоон өнгөтэй. Царцаа ногоон өнгөнд дуртай. Тиймээс хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг царцааны нүүдэл дайрч болзошгүй. Хөл бөмбөгийн талбайнуудыг царцааны нүүдлээс хамгаалах арга замыг бид олох хэрэгтэй байна”гэжээ.

2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд болох юм. 

Г.Доржханд
 

Монгол брэнд