Хэнтий аймаг энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2018-02-01 11:28:29
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зохион байгуулах  хороог  томиллоо. Тус хорооны бүрэлдэхүүнд даргаар нь аймгийн Засаг даргын  орлогч Г.Хэрлэнчулуун, нарийн бичгээр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ, гишүүдээр нь тус аймгийн агентлаг, хэлтэс, газрын 18 дарга томилогджээ.

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Гэр бүлийн өдөртэй болох тухай”  2017 оны 77 дугаар тогтоол гарсан байдаг. Мөн аймгийн Засаг даргын А/11 дүгээр захирамжаар “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан байна.

Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуучууд, гэр бүлийн чиглэлээр тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах, төрийн үйлчилгээг гэр бүлд хүргэх зорилгоор ийнхүү захирамж гаргасан аж.

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээ саяхан болж, тус аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, “Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбоо”-ны тэргүүн гэр бүл судлаач Ж.Баясгалан нар оролцсон байна.

Энэ үеэр “Миний гэр бүлийн аз жаргал” Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн тоглолт, Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд аймгийн хэмжээнд хийгдэх 12 багц ажлын танилцуулга, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекц, азын сугалаа явуулав. Мөн энэ өдөр аймгийн хэмжээнд бүх байгууллагууд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Цаашид сар бүр гэр бүлрүү чиглэсэн  арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагдах аж.
Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ