Хэнтий аймгийн “оны 9 алдартан”-г тодруулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2018-02-01 11:03:05
Хэнтий /МОНЦАМЭ/. “Алтан унжлагат” улаагчин тахиа жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ыг тодруулах арга хэмжээ үргэлжилж байна.

“Хэнтийн мэдээ” сонины редакциас санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил Улс төр, Боловсрол, Урлаг соёл, Спорт, Төрийн захиргаа, Бизнес, Эрүүл мэнд, Хууль эрх зүй, Дэд бүтэц, Банк, санхүү, Байгаль орчин, Уул уурхай, ХАА, Хэвлэл мэдээлэл, Хяналт шалгалтын байгууллага, ТББ гэсэн нийт 16 салбарт Хэнтийчүүдийн сор болсон, салбар бүрээс шигшигдсэн 24 эрхэм нэр дэвшжээ.

Нэр дэвшигчдэд доорх зааврын дагуу санал өгөх боломжтой юм байна. Тодруулбал,
 
1.    Хэнтийн мэдээ сонины уншигчдын ирүүлсэн санал
/Тус сонины дугаар дөрөвт нийтлэгдсэн нэр дэвшигчдээс дэмжиж байгаа 9 хүртэл хүний хувийн дугаарыг дугуйлж, сонины хайчилбараа редакцид ирүүлнэ./
2.    Хэнтий аймгийн харъяат, олны танил, нэр хүндтэй 50 эрхмийн санал
/50 эрхмийн жагсаалтыг редакцийн бодлогоор гаргаж тэдний саналыг авна./
3.     Ekhoron21.mn сайтаар өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчид саналаа нээлттэй өгнө.
/Нэг facebook хаягнаас 1-9 хүртэлх хүнд нэг л удаа саналаа өгөх боломжтой./
4.    1900-1515 тусгай дугаарт залгаж дэмжиж байгаа хүнийхээ хувийн дугаарыг илгээнэ.
/Нэг дугаараас нэг дэмжигчид нэг л удаа саналаа илгээх боломжтой. /
5.     155488 тусгай дугаарт дэмжиж байгаа хүнийхээ хувийн дугаарыг мессежээр илгээнэ.
/Нэг дугаараас нэг дэмжигчид нэг л удаа мессежээр илгээх боломжтой. /
 
Шалгаруулалтын дүнг нэгтгэхдээ нэг салбараас нэг хүн шалгаруулах бөгөөд сонины уншигчид, 50 эрхэмийн санал, сайтын санал, тусгай дугаарт утас, мессежээр ирсэн санал гэсэн дарааллаар эрэмбэлж нэгтгэн дүгнэх аж. 

Энэхүү арга хэмжээ нь нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, ажил үйлсэд нь урам зориг нэмэх гол зорилготой үйл ажиллагаа юм. Энэ жил Архангай, Орхон, Дорнод, Дорноговь зэрэг арван аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. 
Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ