Д.Отгонцэцэг: Бид бүхий л үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2018-02-01 10:42:41
Хэнтий /МОНЦАМЭ/. Шинэ оны анхны хөдөө орон нутгийн томилолтоо эхлүүлэхээр бидний хүлгийн жолоо залсан Бор-Өндөр суманд өвөлжилт тавлаг сайхан байна. Биднийг Бор-Өндөр суманд хөл тавьсан даруйд хамгийн түрүүнд хүлээн авч уулзсан хүн бол Засаг даргын орлогч Д.Отгонцэцэг байлаа. Тус суманд ажиллах багахан хугацаанд түүнтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцав.

-Тавтай сайхан өвөлжиж байна уу?
-Бор-Өндөрчүүд бид өнтэй сайхан өвөлжиж байна. Энэ жил цас зуд багатай өвлийг даван туулж байна. 
-Бор-Өндөр сумын хувьд 2017 онд ямар ажлыг амжуулсан, юуг хийж бүтээсэн жил байв?
-Бор-Өндөр сум маань 2017 онд иргэдийнхээ оролцоотойгоор маш олон ажлыг хийж амжууллаа. Тиймдээ ч “Иргэдийн оролцоотой төрийг шинэ түвшинд гаргана” гэсэн зорилго тавьж ажилласан. 2017 онд Орон нутгийн хөгжлийн санд 93 сая төгрөг хуваарилагдсан юм. Үүнээс бид тулгамдаад байсан орон сууцнуудын дээврийн асуудлаа шийдэх ажлыг эхлүүлсэн. Манай сум 16 байшин 8 орон сууцтай. Эдгээр барилгууд 40 гаруй жилийн насжилттай учраас дээврүүд нь муудаж, иргэдийн тав тухтай амьдрах орчинд нөлөөлөх болсон. Ингээд бид 41, 43-р орон сууцны дээврийн асуудлийг шийдэхээр 20 сая төгрөгийг ОНХС-гаас гаргаж, 20 сая төгрөгийг иргэдийн оролцоотойгоор бүрдүүлж, хоёр байрны дээврийн асуудлыг шийдэж чадлаа. Мөн манай сум 5.6 км замтай. Үүнээс 1.7 км зам нь эвдэрч муудсан байсныг уул уурхайн компаниудтай хамтран 40 сая төгрөгийн өртгөөр засч янзаллаа. Манай сум 10 мянга гаруй хүн амтай. Айл өрхүүдийн эгнээ гудамж эмх цэгцгүй, хаяггүйгээс иргэдэд олон асуудал тулгардаг байсан. Харин ОНХС-гаас 8 сая төгрөг, иргэдээс 2 сая төгрөг, нийт 10 сая төгрөгөөр хаягжуулах ажлыг 3, 4-р хороололд бүрэн хийж гүйцэтгэсэн. Ингэснээр иргэд маань эмнэлгийн үйлчилгээ авахаас эхлээд олон зүйл дээр үр дүн гараад байна. Мөн манай сум уул уурхайн дэд зөвлөл байгууллаа. Энэ төсөл нийт 5 суманд хэрэгжиж байгаагийн нэг нь Бор-Өндөр сум юм. Зөвлөл маань “Төр, нийгэм, иргэний оролцоотойгоор уул уурхайн ил тод байдлыг ард иргэдэд мэдээлэх, хариуцлагатай уурхайг бий болгох” зорилготой. 2017 онд уул уурхайн компаниуд сумын Засаг даргатай хамтран ажиллах хариуцлагын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу дэд зөвлөл байгуулж, зөвлөлийнхөө шугамаар уул уурхайн ажлуудыг ил тод болгож чадсан. Ингээд бид 2018 оны босгон дээр төр, уул уурхай, аж ахуйн нэгжийнхээ шилдгүүдийг шалгаруулах “Цагаан шонхор-2017”  арга хэмжээг зохион байгуулж, 2017 оны шилдгүүдээ  шалгаруулаад байна.  
-Бор-Өндөр сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр 2017 онд 100 хувь хэрэгжсэн дүнтэй гэсэн амжилтыг дууллаа. Энэ тухайд?
-Манай сумын Засаг даргын Тамгын газар 2017 оныхоо хийж хэрэгжүүлсэн ажлаа 2017 оны 12 дугаар сарын 8-нд иргэддээ нээлттэйгээр “Сумандаа сайхан амьдаръя” уриан дор зохион байгуулсан. Энэ онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа ил тод иргэддээ хүргэхэд маш тааламжтай хүлээн авсан.  2017 оны 12 дугаар сарын 21-нд ИТХ-д Засаг дарга үйл ажиллагааны тайлангаа тавьж, 100 хувь гэсэн үнэлгээ авч, дараа дараагийн ажилдаа ханцуй шамлан ороод байна.  
2018 онд  танай хамт олон ямар зорилтуудыг өмнөө тавиад байна вэ?
-Бид 2018 онд улсын төсөвт хөрөнгө оруулалтыг сайн суулгаж чадсан. Юуны түрүүнд хамгийн их тулгамдаад буй 16 байшин, 8 орон сууцны дээврийн асуудлыг шийдвэрлэх 626 сая төгрөг, сум орон нутгийн маань нүүр царай болсон Соёлын төвийн барилгыг бүрэн засварлах 550 сая төгрөгийг улсын төсөвт суулгалаа. ОНХС-нд 160 сая төгрөг тавигдаж, ард иргэдээсээ санал асуулга авч, иргэдийн нийтийн хурлаараа эрэмбэлэн жагсаалт гаргаад байна. Үүнд:
1. “Манай гудамж- Гэрэлтэй гудамж”  хөтөлбөрийн хүрээнд 3, 4-р хорооллыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, камержуулах,
2. СӨХ-ны үйл ажиллагааг жигдрүүлж, санхүүгийн туслалцаа үзүүлэх,  
3. 3, 4-р багт үерийн далан барих,
4. 5, 6-р багт буюу хөдөөгийн багтаа угаалгын ванн барих, хадлангийн салаатай болох,
5. Цэнгэлдэх хүрээлэн барих гэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж  байна.  
-Сумдын хувьд ажилгүйдэл харьцангуй их байдаг. Танай сумын хэмжээнд ажилгүйдэл ямар хэмжээнд байгаа вэ? 2018 онд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Манай сум албан бус тоогоор 10 мянга гаруй, албан тоогоор 8844 хүн амтай. Үүнээс 3250 иргэн ажилтай орлготой байгаагаас Уулын баяжуулах үйлдвэрт 1400-гаад иргэн ажиллаж, 2000 гаруй иргэн ажилгүй байна гэсэн тооцоо судалгаа байгаа. Энэ жил манай уул уурхайн үйл ажиллагаа сэргэж ажилласантай холбогдуулан 3 уурхай сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид тус компаниудад Бор-Өндөрийн харъяалалтай, багийн Засаг даргын тодорхойлолттой иргэдийг ажлын байраар ханга гэсэн шаардлага тавьж, гэрээ байгуулсан. Ингэснээр 3 уурхайд 200 орчим иргэн ажлын байраар хангагдан ажилласан байна. Бид  иргэдээ дэмжсэн, ажилгүйдлийг бууруулах зорилготой ажлуудыг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулна. Энэ жил шинээр 2 уурхайтай хамтран ажиллах гэрээ байгуулж, нийтдээ 500 гаруй иргэнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байна.  
Танай сум энэ онд бүхий л үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн ажиллах зорилго тавьсан гэлээ?
- Бид хамгийн түрүүнд санхүүгийн ил тод байдлыг эрхэмлэн ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн тухайд жишээ татвал анх ажил авахад 2009 оноос хойш олгосон 820 сая төгрөгөнд буцаан төлөлт байхгүй, эргэлтийн санхүүжилтгүй байсан. Ингээд “Бусдадаа боломж олгоё” аяныг жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж, 120 сая төгрөгийг татан төвлөрүүлж, иргэдэд буцаан олгоод байна. Үүний зэрэгцээ ажлын хэсэг байгуулж, зээл авсан иргэдэд иргэд өөрсдөө хяналт тавьж  ажилладаг байдлыг бий болгон ажиллаж байна. 2017 он маань алдаа оноо, амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил байлаа. Энэ ондоо бид бүхэн хийж бүтээхийн хүсэл эрмэлзлээр дүүрэн байж, амжилтаа ахиулж, ард олон, нутаг орныхоо төлөө зорилго нэгтэй ажиллах болно.   
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ