top banner

Зорчигчид "Номын сан"тай автобусыг сонгох болжээ


2018-01-31 23:46:21
Зураг

Завхан/МОНЦАМЭ/.Завханы "Жавхлант хийморь" хоршооны хот хооронд явдаг нэг автобус номын сантай болжээ. Ингэснээр “Номтой автобус” төслийг санаачлан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зорчигчдод номын сангаар үйлчилж байгаа хоёр дахь аймаг болж байна.
Уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номтой автобусанд зорчих сонирхолтой иргэд тус автобусны хуваарийг харж заавал зорчих хүсэлтэйгээ илэрхийлж байна. Мөн зарим  иргэд зорчигчид сайн дураараа ном хандивлаж одоогоор 50 гаруй номтой болоод байгаа талаар автобусны жолооч мэдээлэл өглөө.
Улиастайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Улиастай чиглэлд орон нутгийн зорчигч тээврийн Жавхлант хиймор хоршооны 15 том оврын автобус иргэдэд үйлчилдэг. Номтой автобус нь сард хоёр удаа Улиастайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Улиастайд зорчигч тээвэрлэдэг юм байна. Сонирхуулахад номтой автобус төслийг
“Зориг сан” болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй оюутнууд санаачилсан ажээ. Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд нь гарааны 250 мянган төгрөгөөрөө энэхүү төслийг эхлүүлжээ. Одоогийн байдлаар Дорнод, Завхан аймгийн хоёр автобусыг номын санжуулсан байна. Төслийн багийнхан цаашлаад бүх аймгийн автобусыг номын санжуулахаар төлөвлөжээ. 

Б.Мягмарсүрэн


Сурталчилгаа
Монгол брэнд