top banner

Даланзадгадын ДЦС-ын ерөнхий инженер Монголын шилдэг инженерээр шалгарлаа


2018-01-30 08:47:21
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн “Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийн ерөнхий инженер О.Отгонсүх Монголын шилдэг 100 инженерийн нэгээр шалгарлаа. 
Улсын хэмжээнд эрчим хүчний салбарт 11 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байгаагийн 3000 нь инженерүүд байгаа ажээ. Монгол Улсын инженерүүдийн холбооноос 2017 оны шилдэг 100 инженерээ шалгаруулж алдаршуулсан байна. Тус арга хэмжээ нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. 
Өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж улсынхаа топ 100 инженерийн нэгээр шалгарсан О.Отгонсүх нь Өмнөговь аймгийн өөрийн хөрөнгөөр барьсан 3МВт-ын станц блокоор ажилладаг байсныг үндсэн станцтай уурын шугамаар холбож, коллектор схемтэй болгон станцын найдвартай ажиллах боломжийг дээшлүүлсэн байна. Мөн 25 тонн/цагийн бууруулан хөргөх шинэ төхөөрөмжийн ажлын зургийг гаргаж дулааны эрчим хүчний хүчин чадлыг нэмсэн зэрэг олон амжилтаараа ийнхүү шалгарчээ. 
Эрчим хүчний салбар нь энэ онд салбартаа эрчим хүчний хэмнэлт хийх жил болгон зарласан байна. 
Д.Мишигсүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд