top banner

Энэ онд 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ


2018-01-26 15:23:17
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг Засаг даргын Тамгын газраас олон нийтэд танилцууллаа. Энэ онд АШУҮИС-ийн 960 хүүхдийн сургууль, Тайшир сумын 75 хүүхдийн цэцэрлэг, Цогт сумын эрүүл мэндийн төвийн барилгууд тус тус ашиглалтад орно.
Тус аймагт 2018 онд улсын болон орон нутгийн төсвийн нийт 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. 2018 онд хэрэгжүүлэхээр улсын төсөвт нийт 14.0 тэрбумын 20 төсөл, хөрөнгө оруулалт батлагдсанаас 8.4 тэрбум төгрөгийн 14 төсөл, арга хэмжээ нь шинээр эхлүүлэх барилга байгууламж эзэлж байгаа юм. Үүнд: Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга, Солонго хорооллын дулааны шугам сүлжээ, Дарив сумын 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Дэлгэр сумын 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Чандмань сумын 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Номын сангийн барилга, Чандмань сумын сургуулийн 100 ортой дотуур байрны барилга, Эрдэнэ сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Халиун сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Цогт сумын 100 ортой цэцэрлэгийн барилга, Дарив, Цогт сумын эрүүл мэндийн төвийн барилга, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга ашиглалтад орох ажээ.
Харин 2018 онд орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн 4,7 тэрбум төгрөгийн 30 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөөд байна. Тодруулбал, Ирэх онд Алтай хотын гэр хорооллын Харзат, Баянхайрхан, Оргил багуудад 2,0 км хатуу хучилттай авто зам барих, Батсуурь, Жанчив баатрын гудамжийг тохижуулан гэрэлтүүлгийг шинэчлэх, телекамерын хяналтын системийг сайжруулах, хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, гэр хорооллын өрхийг 2 тарифт цахилгааны тоолуураар хангах, нийтийн орон сууцнуудын барилгын засвар хийх, "Хоггүй цэвэр Алтай" хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын хог зайлуулах, 160 гаруй хогийн пункер байгуулах, Жаргалант багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.
Э.Нарангэрэл
 

Монгол брэнд