top banner

Баянхонгорт 580 тонн өвсийг үнэгүй, 910 тонн тэжээлийг тал үнээр нь борлуулах эрх олгов


2018-01-26 13:21:04
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллалаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, БОХХАА-ын байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарын албаныхан багтжээ. Ажлын хэсгийнхэн өглөөний 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан юм.
Хуралдааны эхэнд, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өвөлжилтийн нөхцөл байдал, онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Он гарсаар нийт нутгаар хүйтэрч Заг Байдрагийн нутгаар шөнөдөө -43 градус, өдөртөө -25-30 градус хүрч хүйтэрсэн. Нийт нутгийн 86.4 хувьд цасан бүрхүүлтэй, цасны зузаан тал газартаа 0-8 см, уул, гуу жалгандаа 15-40 см байна. Дээрх цасны зузаан өвсний уртаас илүү учир мал өвөлжилтөд ноцтой хүндрэл үүсээд байна. Цаашдаа цас нэмж орвол зудын нөхцөл байдалд орж аюултай байдал үүсэхээр байгаа юм.
                                               
                                Аймгийн хэмжээнд 20 мянга гаруй мал хорогджээ

Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 4.587.738 толгой мал тоолуулсан бөгөөд зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтэрсэн, цаг агаарын байдал зэргээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. Тус аймгаас өөр аймгийн нутагт 296 өрхийн 100 мянга гаруй мал, өөрийн аймгийн бусад суманд 661 өрхийн 235 мянган мал, отрын бүс нутагт 11 өрхийн 9.7 мянган толгой мал, отроор өвөлжих нийт 957 өрхийн 337 мянган мал байгаа бөгөөд энэ нь өвөлжих бүх малын 7.4 хувь байгаа боловч аймаг, сум дотроо нутаг сэлгэх нүүдэл үргэлжилсээр байгаа аж. Аймгийн хэмжээнд энэ сарын 24-ны байдлаар адуу 200, үхэр 387, хонь 3662, ямаа 17453, нийтдээ 21.702 толгой мал хорогдсон байна.
Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь зэрэг зургаан аймгийн 17 суманд 727 иргэн отор нүүдлээр явж байгаа бөгөөд 0-5 насны хүүхэд 139, жирэмсэн эмэгтэй 23, хөгжлийн бэрхшээлтэй 16 иргэн, 65 дээш насны 17 иргэн тус тус бүртгэлтэй байна. Отор нүүдлээр яваа жирэмсэн эмэгтэйчүүдээс 18 эмэгтэйг эмнэлгийн тусламж  үйлчилгээ авах ойрхон газар байрлууж харьяа сумдын ЭМТ-үүдэд хүлээлгэн өгч ажиллаж байгаа ажээ.
Аймгийн нөөцөд аймгийн Засаг даргын гамшгаас хамгаалах сангаас өвс 280 тн, тэжээл 5 тонныг, Монгол Улсын Засгийн газрын 186 дугаар тогтоолоор өвөлжилтийг бэлтгэлийг хангах хүрээнд олгосон 60 сая төгрөгнөөс 32.5 тн өвс, 25 тн тэжээл, төсвийн тодотголоор ирсэн 414.6 сая төгрөгөөр 649.3 тн өвс, 100 тн тэжээл, нийтдээ 961.8 тн, тэжээл 130 тн бэлтгэсэн байна. Мөн сумдын нөөцөд өвс 865.5 тн, тэжээл 423.5 тн-г бэлтгэжээ.
Аймгийн Засаг даргын нөөц, гамшгаас хамгаалах сангаас 107.5 сая төгрөг, Засгийн газрын 187 дугаар тогтоолоор олгогдсон 60 сая төгрөг, төсвийн тодотгол 414.6 сая төгрөг, нийтдээ 582.1 сая төгрөгийг зарцуулаад байгаа мэдээллийг албаныхан өглөө.
 
                                              Тэжээлийг малчдад зээлээр олгоно

Баянхонгор аймгийн малчид 2017 оны ноосны урамшууллаас 825.8 сая төгрөгийг авахаар байна. Нэр бүхий компаниудаас ноосны урамшууллын мөнгөнөөс 66.475 тн хивэг, 26.6 тн хорголжин, 0.160 тн овъёос, бэлэн мөнгөөр 42.5 тн хивэг, 20.08 тн хорголжин овъёос 1 тн буюу нийт 156.815 тн тэжээлийг авч малчдад нийлүүлээд байгаа аж. Энэ нь аймаг, сумын нөөцөөс тусдаа тоо юм.
Аймгийн аюулгүй нөөцийн өвснөөс бүх сумдад 5 сая, нийтдээ 100 сая төгрөгийн үнэ бүхий өвсийг эргэн төлөгдөхгүйгээр олгосон бол шаардлагатай сумдад нийтдээ 128 тн өвсийг хямдралтай үнээр олгожээ. Шаардлагатай сумдад өвс тэжээл хүргэх тээврийн зардлыг  гаргаж зохицуулах, өвсний үнийг хөнгөлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, өвс тэжээл татан авч нөөцийг тогвортой байлгах арга хэмжээ авч байгаа юм байна.
Өвс тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх, үнийг хямдруулах, малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас мал махаар болон зээлээр олгох ажлыг үргэлжлүүлэх бөгөөд отор нүүдлээр яваа малчдыг тухайн орон нутаг нь хүлээн авч бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, өвс, тэжээл боломжит нөхцлөөр хангах, тэднээс татвар хураамж авах, хөөж туух зэрэг хүндрэлтэй асуудлыг улс, аймгийн хэмжээнд шийдвэрлэх хүсэлтийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал Шадар сайдад уламжиллаа.
Мөн аймгийн төвөөс алслагдсан сумдад гамшгийн үед шуурхай ажиллах шаардлага гардаг тул Бууцагаан суманд Аврах гал түймэр унтраах анги байгуулах, Баянговь суманд аврах бүлэг байгуулах, Олон улсын хөл хориотой өвчин ихээр гарч байгаатай холбогдуулан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум дахь хяналтын постыг тус аймагт шилжүүлэх асуудлыг тавив. Түүнээс гадна Онцгой байдлын газрын шуурхай албаны хэрэгцээнд  УАЗ пургон авто машин шийдвэрлэж өгөхийг аймгийн онцгой комиссын зүгээс Улсын Онцгой Комиссын “Шуурхай бүлэг”-ийн гишүүдэд тавьсан юм.
 
                                Байгалийн зуднаас гадна хариуцлагын зуд нүүрлэх вий

Баянхонгор аймгийн удирдлагын хийсэн мэдээллийн дараа “Шуурхай бүлэг”-ийнхэн сонирхсон асуултдаа хариулт авч, цаг үеийн ажил, арга хэмжээг танилцуулж, холбогдох албадад чиглэл өгөв.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Улсын хэмжээнд 2017 онд 66.2 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оноосоо 7.6 хувиар өссөн дүн. Баянхонгорт 4.5 сая толгой мал тоолуулсан бөгөөд өссөн тооны хэрээр бэлчээрийн даац хэтэрсэн гэж хэлж болно. Тэгэхээр малын тоог өсгөх биш, чанарт илүү анхаарах цаг болсныг өнөөгийн байдал харуулж байна. Дор бүрнээ анхаарч ажиллах хэрэгтэй. Баянхонгор аймгийн хувьд өвөлжилтийн бэлэн байдалд харьцангуй сайн анхаарсны дүнд хүндрэл бага гарч байгаа нь сайн хэрэг. Ер нь орон нутгууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, ойлголцож явах шаардлагатайг онцолж хэлье. Өчигдөр Өвөрхангайд яригдсан асуудал энд мөн л давтагдаж байна. Отроор яваа малчдыг нутгаасаа хөөж туух, элдэв асуудал гарах байдлыг таслан зогсоох “чадал” та бүгдэд байгаа шүү дээ. Мөн эрүүл бүс гэх статусаа хадгалж үлдэхийн тулд постуудаа илүү чангатгаж, няхуур ажиллах хэрэгтэй”-г сануулсан. Мөн "Хаа хаанаа л хариуцлагатай, үр дүнтэй ажиллахгүй бол байгалийн зуд, хариуцлагын зуд давхцах эрсдэл бий шүү" хэмээв.
ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг хэлэхдээ, “Хаяа зэргэлдээ аймгуудад малын гоц халдварт өвчин гараад байгаа нь эрүүл бүсээр үлдээд байгаа танай аймгийн хувьд маш том асуудал. Энэ байдлаас үүдэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд нэмэлт пост ажиллуулж байгаа нь сайн хэрэг. Тэнд нийтдээ 12 хүн ажиллаж байна. Гэтэл ажлын чиг үүрэг, стандартыг тогтоож өгөөгүйгээс юм уу постын үйл ажиллагаа хангалттай биш байна. Тэнд дамжин өнгөрч байгаа автомашины дугуйны хээнд байгаа шороо, шаврыг арилгах ёстой байтал дугуй өнгөлж байгаа мэт холоос шүршээд л болчих зүйл биш юм. Чиглэл зааврыг сайтар өгч, тус постыг илүү үр дүнтэй ажиллуулах талд анхаараарай” гэлээ.
Ажлын хэсэгт багтсан албаныхан үргэлжлүүлэн салбар салбарынхаа ажил арга хэмжээг танилцуулж, үүрэг чиглэл өгснөөс гадна зарим асуудлыг газар дээр нь шийдэж өгсөн юм.

             580 тонн өвсийг үнэгүй, 910 тонн тэжээлийг тал үнээр нь малчдад олгоно
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, “Өвөлжилтийн мэдээллийг цаг тухай бүрт нь авч, нэгтгэж, дараа дараагийн арга хэмжээнүүдээ шуурхай төлөвлөж ажиллах шаардлага байна. Ингэж орон нутаг шинэ соргог мэдээ мэдээлэлтэй байж, Засгийн газар, Онцгой комисс, яамдуудтай хамтран ажиллавал цаг зуурын бэрхшээлийг хүндрэлгүй давах боломж байна. Хамгийн гол нь бодит, шуурхайг мэдээллийг чухалчлаарай. Баянхонгор аймгаас авсан сүүлийн мэдээлэл дээр үндэслээд өвөлжилт хүндэрсэн сумдад 430 тонн өвсийг үнэгүй, 760 тонн тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр олгохоор болсон. Энд ирээд нөхцөл байдлын мэдээг дахиад сонсож, Засаг даргын мэдээлэл, хүсэлтийг сонсоход нэмж өвс тэжээл шаардлагатай байгаа юм байна. Тиймээс хүсэлтийг нь үндэслээд 150 тонн өвс, 150 тонн тэжээлийг нэмж олгоё. Ингээд Баянхонгорт 580 тонн өвсийг үнэгүй, 910 тонн тэжээлийг тал үнээр нь борлуулах эрх өгч байна. Хамгийн гол нь шаардлагатай хэсэгт энэ ажлыг түргэн хүргэж, үр дүн гаргаарай. Гэрээний дагуу зээлээр өг, өөр ямар боломж нөхцөл байна тэр бүгдийг ашигла. Мөнгөний хомсдолтой үед нь уян хатал нөхцлөөр шийдэх нь чухал” хэмээн захив.
Мөн хэт хүйтрэл дуусахад цөөн хоног үлдэж байна. Энэ хугацааг өнгөрөөчихвөл бас ч цаг наашилна. Тиймээс отор нүүдлээс ирэх малчид болон мал сүрэгт анхаарал хандуулж, отрын бүс нутгаас мал амьтны гоц халдварт өвчин тээж ирэх вий гэдэг онцгой анхаарч, постуудыг чангатгаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийхийг сануулсан. Эцэст нь, салбар салбарын нийт албан хаагчид сахилга бат, ажлын үр дүнд сайтар анхаарч, бүтээмж өндөртэй ажиллахыг даалгасан юм.
“Шуурхай бүлэг”-ийнхэн онцгой комиссын хурлыг өндөрлөөд, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөөс тухайн аймагт хуваарилсан өвс тэжээлийг нөөцийг гардуулаад, Говь-Алтай аймгийг зорилоо. 
                                                                                                                  Б.Мөнхзул

Сурталчилгаа
Монгол брэнд