top banner

Монгол болон Оросоос Хятадын импортолсон нүүрсний хэмжээ эрс нэмэгджээ


2018-01-25 19:00:12
Зураг
БЭЭЖИН. /South China Morning Post/. Өнгөрсөн онд Монгол болон Оросоос Хятад улсын импортолсон нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэн нь өнөөдөр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээс харагдаж байна гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.

Цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авсан нь Монгол болон Оросоос Хятад улсын импортолсон нүүрсний хэмжээ эрс нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Өнгөрсөн онд Монголоос Хятад улсын импортолсон нүүрсний хэмжээ 2016 оныхоос 27.6 хувиар өсөн 33.58 сая тоннд хүрсэн бол Оросоос импортолсон нүүрсний хэмжээ 36.3 хувиар өсөн 25.3 сая тоннд хүрчээ.

Гэхдээ өнгөрсөн оны найм болон есдүгээр сард л Хятад улс Умард Солонгосоос тодорхой хэмжээний нүүрс импортолжээ. 2016 онд Хятад улс Умард Солонгосоос 20 сая гаруй тонн нүүрс импортолж байсан байна. Өөрөөр хэлбэл, Умард Солонгос нь Хятадад нийлүүлсэн нүүрснийхээ хэмжээгээр Австрали, Индонези болон Монголын араас буюу дөрөвдүгээрт бичигдэж байсан аж.

Хятадын Нүүрсний холбооны шинжээч Чөн Гон хэлэхдээ “Умард Солонгосын эзэлж байсан нүүрсний зах зээлийн орон зайг Орос болон Монгол бөглөсөн” гэжээ.

2017 онд Хятад улс Австралиас хамгийн их буюу 79.91 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх оныхоос 13.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Австрали нь Хятад руу экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр зургаан жил дараалан тэргүүлсэн нь энэ юм. Монгол болон Энэтхэгийнхтэй харьцуулахад агаар бохирдуулагч бодисууд, тухайлбал хүхрийн давхар исэл ялгарах нь бага, мөн үнс бага гардаг учир Австралийн нүүрс нь “сайн чанарын түлш” гэгддэг аж.

http://www.scmp.com/news/china/policies-politics/article/2130556/chinas-coal-imports-russia-mongolia-surge-after-north
 
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд