top banner

Донбассыг зорих цэнхэр дуулгатнууд ба Оросын талаарх Барууны хандлага


2018-01-25 16:16:27
Зураг
Украины зүүн нутагт дэгдсэн мөргөлдөөнийг зохицуулахын тулд олон улсын энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудыг Донбассын бүс нутаг руу илгээх асуудал гурван жилийн өмнөөс яригдаж байгаа билээ. Энэ асуудлаар орчин цагийн Орос, Украины түүхээр мэргэшсэн улс төр судлаач Андреас Умланд-ын Германы Focus online сэтгүүлд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
 
Энэ сарын эхээр Украинд айлчилсан Герман улсын Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль Украины зүүн нутагт дэгдсэн мөргөлдөөнийг зохицуулахын тулд Донбасс руу НҮБ-ын энхийн сахиулах хүчнийг илгээх асуудлыг хөндөн ярилаа.
 
Тэрбээр онцлон хэлэхдээ “энэ оны 3 дугаар сард болох Оросын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс зохих мандатыг авах нь зүйтэй” гэсэн санааг илэрхийлсэн юм. Германы дэд канцлер, Социалист-демократ намын дарга байсан энэ хүний хэлсэн үгийг Украинд ихэд сонирхон хүлээн авлаа.
 
Кремль, НҮБ ба энх тайван
 
Тэгэхээр одоо НҮБ-ын энхийн сахиулах хүчний талаарх АНУ, Франц, Германы харилцан зөвшилцсөн энэхүү шинэ байр суурь нь урьд нь зөвхөн шинжээчдийн хүрээнд яригдаж байсан зүйлд Барууны орнуудын зүгээс албан ёсоор хэрхэн хандаж буйг харууллаа.
 
2015 онд Украин улс НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг Донбасст оруулж, Орос-Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх саналыг НҮБ-д тавьсан юм. Германд “ногоонтнууд”-ын хөдөлгөөний идэвхтэн Андрей Новак 2014 оны сүүлчээр мөн ийм санал тавьж байв.
 
Түүнээс хойш уг саналыг Украины төдийгүй Орос, АНУ-ын ажиглагчид дэмжсээр ирсэн юм.
 
Путиний санал

В.Путин 2017 оны 9 дүгээр сард НҮБ-ын цэргийн хөнгөн зэвсэг бүхий цомхон бүрэлдэхүүнийг Донбасст илгээж, тэнд байгаа Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /OSCE/ зэвсэггүй ажиглагчдыг хамгаалах саналыг дэвшүүлж байсан билээ. Үүний дараа л барууны дипломатууд Украины зүүн нутагт дэгдсэн мөргөлдөөнийг зохицуулахын тулд энхийг сахиулах хүчнийг илгээх талаар албан ёсоор ярьж эхэлсэн юм.
 
Тэгэхээр одоо хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болоод буй Минскийн хэлэлцээрийг өөрчлөхийн тулд үйл ажиллагааны бодитой хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх боломж гарч ирж байна. Мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой саналд учрах бэрхшээлтэй гол асуудал нь юу вэ? НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Орос улс хориг тавих эрхтэй гэдэгт л гол асуудал оршиж байгаа юм.      
 
Эргэлзээ дагуулсан Кремлийн зөвшөөрөл  
 
НҮБ-ын олон хүний бүрэлдэхүүнтэй, зэвсэглэл сайтай, тусгай мандаттай энхийг сахиулах хүчнийг Донбасс руу илгээхийг зөвшөөрч байгаагаа Москва мэдэгдэх ёстой. Энхийг сахиулах хүчин нь хүнд зэвсэг бүхий хэдэн мянга, хэдэн арван мянган цэнхэр дуулгатан цэргүүдээс бүрдэж магадгүй. 
 
Барууны орнууд ийм өндөр өртөгтэй энхийг сахиулах ажиллагааг санхүүжүүлэхэд бэлэн байлаа ч гэсэн Москвагийн зөвшөөрлийг авах нь ихээхэн түвэгтэй. Москвагийн зүгээс бүрэн хэмжээний энхийг сахиулах хүчийг илгээхийг зөвшөөрлөө ч гэсэн НҮБ-ын ажиллагааны улс төр, зохион байгуулалтын хэлбэрт нөлөөлөх гэж оролдож магадгүй юм.
 
Украины зүүн нутаг дахь Оросын цэнхэр дуулгатнууд
 
Тухайлбал, Кремлийн эрх баригчид өөрийн цэргүүдийг илгээх, эсвэл Москвагийн нөлөө хяналтанд байдаг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнуудын цэргүүдийг энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд оруулахаар зүтгэж магадгүй.

Оросын болон Москватай албан бусаар холбогдсон цэнхэр дуулгатнуудын хяналтанд зүүн Украины зарим хэсэг газар нутгийг өгч магадгүй юм.
 
Тэгэх аваас Кремлийн де факто хяналтанд байгаа Луганскийн БНУ болон Донецкийн БНУ нь Донецкийн бүс нутагт байгаа Оросын цэрэгжсэн авантюристууд, хэт даврагчид, казакууд, хөлсний цэргүүд болон Украины коллаборационистуудын хувьд орогнох газар болон хувирч магадгүй. Ийм тохиолдолд Украин улс Донбассыг удаан хугацаагаар алдана гэсэн үг.   
 
Энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж ба учрах бэрхшээлүүд
 
Энхийг сахиулах ажиллагааг зөвшөөрснийхөө төлөө Кремлийн эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шаардаж буй тэр зүйлийн үнэ цэнэ нь эдгээр болон бусад буултууд болж магадгүй юм. Эл тохиолдолд үүсэх өөр нэгэн асуудал бол Украины засгийн газар, эсвэл тус улсын парламент болон Украины олон нийт Москвагийн тавьж буй нөхцлийг хүлээн авахгүй байж магадгүй явдал мөн.
Украинд Путиний эсрэг үзэл бодол давамгайлж байгаа энэ үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, фракцийн удирдагч хэнийх нь ч хувьд хэлэлцээрийн явцад ялихгүй зөвшилцөлд хүрнэ гэдэг нь хүнд хэцүү даваа байх болно.  

Крымын асуудлыг Орос-Барууны хэлэлцээрээс чимээгүйхэн хасна гэдэг бол ихэнх украинчуудын хувьд маш гашуун эм болох бөгөөд цаашдаа Киевийн зүгээс Москвад буулт хийх улс төрийн орон зай тун бага үлдэх юм.  

Зүүн Украиныг илбэн тохинуулах нь
 
Барууны дипломатууд хэдийгээр ийм бэрхшээлүүдтэй тулгарч байгаа боловч НҮБ-ын энхийн төлөвлөгөө нь мөргөлдөөнийг зохицуулах илүү бодитой боломжийг олгож байна.
 
Ойрын жилүүдэд Москвад удирдлага эсвэл улс төрийн бодлого өөрчлөгдөх магадлал байхгүй гэж үзэх аваас олон улсын цэргийг байрлуулах, олон улсад удирдлагыг түр хугацаагаар шилжүүлэх нь Украины зүүн нутагт урт хугацаанд эвлэрэл тогтоох цорын ганц боломж байх болно.   
 
Иргэний нийгмийн олж авах давуу талууд  
 
НҮБ-ын олон тооны цэрэг Донецк мужид байрлах нь Украины геополитикийн аюулгүй байдлыг мэдэгдэхүйц сайжруулна. Ингэснээр тус улсын төр болон иргэний нийгэм нь дотоодын шинэчлэлийн асуудалд анхаарлаа илүүтэй төвлөрүүлж, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд Украины зүүн нутаг дахь улс төрийн эрсдэл буурах болно. Үүний үр дүнд өөрчлөгдөн шинэчлэгдэж, эрчимтэй хөгжиж буй Украин улс хуучин ЗХУ-ын орон зайд гялалзан тодрох билээ. Чухамдаа ийм хэтийн төлөв нь Кремлийн зүгээс Украины эсрэг түрэмгийлэл үйлдэх болсон гол шалтгаан юм.
 
Москвагийн талаарх Барууны хандлага

Аюулгүйн Зөвлөлөөс ойрын хугацаанд шийдвэр гаргуулах талаар сайд Габриэль хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед, мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг Барууны орнууд санхүүжүүлэхэд бэлэн байгаа тохиолдолд Оросын эрх баригчдаар НҮБ-ын төлөвлөгөөг зөвшөөрүүлэх нь ирэх саруудад шийдэх ёстой гол асуудал байх болно.  

Энэ онд Европын Холбоо, АНУ хоёр Москвагийн эсрэг хоригийн бодлогоо хэрхэн уялдуулан зохицуулах чадах вэ, шаардлагатай тохиолдолд хоригоо чангалах уу гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа юм. Европын Холбоо нь гадаад бодлогын тал дээр хөшүүн болхи гэдгийг тооцож үзвээс тус холбооны зарим гишүүн орнууд, ялангуяа Герман улс өмнөхөөс илүү идэвхтэй байж, АНУ-тай хамтран стратегийн төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй байна.
 
Хэрвээ Донбасст байдал мэдэгдэхүйцээр, удаан хугацаанд сайжирсан тохиолдолд хоригийг суллаж, нөхцөл байдал хүндрэх эсвэл зогсонги байдалд орсон үед чангатгах хэрэгтэй болж магадгүй.

Бодит үр дүнд хүргэх үйл явц
 
Ямар ч арга хэрэгслийг ашигласан ч гэлээ хамгийн гол шийдвэрлэх асуудал нь Украины хувьд хүлээн авч болохуйц, Донбассын мөргөлдөөнийг геополитикийн хувьд зохицуулж болох тийм зам дээр Оросын эрх баригчдыг гаргаж чадах уу гэдэгт л байна.
 
НҮБ-ын цэнхэр дуулгатнуудыг Донбасст оруулах гэсэн Украины талын шаардлагыг В.Путин үндсэнд нь хүлээн зөвшөөрчихсөн учраас хэдийгээр урт удаан, хүнд хэцүү ч гэсэн бодитой үр дүнд хүрэх тийм үйл явцыг эхлүүлэх боломж гарч ирлээ.   
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: http://inosmi.ru/politic/20180124/241264660.html
 


Сурталчилгаа
Монгол брэнд