top banner

ДОХ-оор нас барагсдын тоогоор Монгол Улс Азид сүүлээсээ нэгдүгээрт бичигдэж байна


2018-01-25 15:53:27
Зураг
БАНГКОК. /ASIA NEWS NETWORK/. Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоороо  Азид сүүлээсээ нэгдүгээрт бичигдэж байна гэж Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвсэл /ASIA NEWS NETWORK/ мэдээллээ.
 
Дэлхий дахинд ДОХ-оор нас барагсдын тоо тогтвортой буурсаар байгаа хэдий ч энэ өвчнөөр жилд цөөнгүй хүн хорвоог орхиж байна. 2010 онд Азид ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан 240 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 170 мянга болж цөөрсөн байна.
 
НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс /UNAIDS/ өчигдөр гаргасан судалгааны тайланд дурдсанаар, одоо Ази-Номхон далайн бүс нутагт ХДХВ-тэй 5.1 сая хүн байгаагийн ердөө 2.4 сая нь л эмчилгээнд хамрагдаж байгаа аж.

Монголд 2016 онд ДОХ-оор “100-гаас цөөн” хүн нас барсан гэж уг судалгааны тайланд "баримжаалан" бичжээ. Гэхдээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын ЭМЯ-наас гаргасан мэдэгдэлд "Манай улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан 40 тохиолдол бүртгэгдээд байна” гэсэн байна.

Хятад улс ХДХВ/ДОХ-той хүмүүсийнхээ талаарх мэдээллийг өгөөгүй байна. Хятад улсад ХДХВ-тэй 430 мянгаас 1.5 сая хүртэлх тооны хүн байж магадгүй гэсэн тооцоог НҮБ-ын холбогдох албаны хүмүүс гаргажээ.
 
Харин Энэтхэг улс ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор Азид жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байна. Тодруулбал, 2016 онд тус улсад 62 мянган хүн ДОХ-оор нас баржээ. Мөн Энэтхэг нь ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор дэлхийд ӨАБНУ болон Нигери улсын араас бичигдэж байгаа аж.
 
Тэгвэл Индонези улс ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азид эхнээсээ хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад 2016 онд 38 мянган хүн энэ өвчнөөр нас баржээ.

Таиланд улс 2016 онд ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азид гуравдугаарт /16 мянган хүн нас барсан/ бичигджээ. Тус улс нь 2023 он гэхэд ХДХВ-ийн тархалтыг бүрэн зогсоох зорилтыг өнгөрсөн онд дэвшүүлсэн гэнэ.
 
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд