Өмнөд Солонгосын армийн бие бүрэлдэхүүнийг 110 мянган хүнээр цомхотгоно

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-22 18:22:35
СӨҮЛ./ТАСС/. БНСУ-ын зэвсэгт хүчинд ойрын үед томоохон өөрчлөлт цомхотгол хийж магадгүй байна. "Чосун Илбо" сонины мэдээлснээр, тус улсын Үндэсний батлан хамгаалах яам саяхан ийм төлөвлөгөөг хэлэлцсэн аж.
 
Шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу 2022 оны эцэс гэхэд одоо байгаа 600 мянган цэргийн тоог 500 мянга болгож бууруулах бололтой.
 
Цомхотгол нь хуурай замын цэрэгт хамаатай бөгөөд агаарын цэрэг, тэнгисийн цэрэг, тэнгисийн явган цэргийн тоо өөрчлөгдөхгүй юм.
 
Нөгөөтэйгүүр, цэргийн албан хаагч эмэгтэйчүүдийн эзлэх тоо 8,8 хувьд хүрч нэмэгдэх аж. Үүний сацуу Өмнөд Солонгосын армийн генералуудын тоог 430-аас 70-80 болгон цөөрүүлэх гэнэ.
 
"Чосун Илбо" сонинд бичсэнээр, 2022 оноос эхлэн цэргийн алба хаах хугацаа одоогийн 21 сараас 1,5 жил болж буурах аж. Үүний зэрэгцээ, Умард Солонгосын зүгээс их буу, пуужинт цөмийн зэвсгээр довтолсон нөхцөлд зэвсэгт хүчний явуулах хариу үйл ажиллагааны талаарх шинэ үзэл баримтлалыг Үндэсний батлан хамгаалах яам боловсруулж байна. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ