top banner

Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд АХБ-наас дэмжлэг хүсэв


2018-01-22 18:21:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үйл явцын талаар санал солилцохоор өнөөдөр  Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа.

Инду Бушан “АХБ санхүүжилтийн зөвшөөрлийг Монголд олгосоор ирсэн боловч зарим тодорхой төслийн хэрэгжих явц хэтэрхий удаашрах боллоо. Одоо хэрэгжиж байгаа ажил доголдож байгаагаас үүдэн шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно” гэж мэдэгдэв. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр эхэлсэн боловч төлөвлөгөөт хугацаанд дуусгаж амжихааргүй нөхцөл байдал үүссэн гурван төслийг дурдвал, Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийн барилга, Баруун бүсийн босоо тэнхлэгт Орос-Хятадыг холбосон автозам, Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн төслийг АХБ-ныхан онцолж байна. Түүнчлэн Шадар сайдын харьяа МХЕГ-ын хамтран хариуцаж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хэрэгжилт мөн хугацаа хожимдож байгаа нь төслийн нэгж байгуулах шатанд цаг алдсантай холбоотой аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин Шадар сайдын Ажлын албанд хамаарах буюу ОБЕГ-т амжилттай хэрэгжиж байгаа “Ой хээрийн түймэр, зудтай тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг хэлээд, харин МХЕГ-т хэрэгжиж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Шадар сайдын зүгээс бүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд АХБ-наас 600 сая ам.долларын бодлогын зээл олгож байгаад талархал илэрхийлээд ноён Инду Бушанд хэд хэдэн ажил хэрэгч хүсэлт тавьлаа. “Шадар сайд миний бие хариуцдаг бас нэгэн асуудал бол чөлөөт бүс байдаг. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд Шадар сайдын хувьд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллаагааг эрчимжүүлэхийн тулд АХБ-ны зүгээс манай Засгийн газарт энэ чиглэлээр техникийн туслалцаа, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжийг судлах хүсэлтийг Танд тавьж байна. Монгол Улстай 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө миний дэвшүүлсэн асуудлыг нэмж оруулах талаар анхааран ажиллана гэж найдаж байна” гэлээ. Үүний хариуд ноён Инду Бушан “Чөлөөт бүс бол АХБ-наас анхаарал хандуулдаг чиглэлүүдийн нэг” гээд Шадар сайдтай эргэн уулзахдаа нааштай хариутай зочилно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий 310 гаруй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн манай том түншүүдийн нэг юм. 

 

Монгол брэнд