С.Амарсайхан: Газартай холбоотой санал хүсэлтийг 3 хоногийн дотор шийдвэрлэнэ

Монголын мэдээ | Нийгэм
gantuya@montsame.mn
2018-01-22 17:50:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэл хотын удирдлагууд, газрын харилцаа, геодези зураг зүйн газрынхан оролцов.

НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт иргэдийн ирүүлсэн гомдол саналыг хэлэлцэж, 2017 оны ажлын тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд газартай холбоотой санал, гомдолоо хэлж, хүссэн хариултаа авсан бөгөөд иргэдийн дийлэнх нь газраа булаалгасан, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй 2-5 жил хүлээсэн зэрэг тулгамдсан асуудлаа илэрхийлж байлаа.



Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “НИТХ-аас санаачлан зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс бид хэдэн долоо хоногийн өмнө  газрын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс санал гомдлыг нь авсан.  Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас маш олон тооны өргөдөл гомдол ирүүлсэн байна.  Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй гол шалтгаан бол Улаанбаатарчууд бидний амьдарлын мөнхийн сэдэв болсон, хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь болсон газартай  холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, тэр хэмжээгээр  газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж,  гарц шийдлүүдийг эрж олоход оршиж байгаа гэдгээрээ онцлог. Өнөөдөр нийслэлд газрын албатай холбоотой үйл ажиллагааг иргэд их хэмжээгээр шүүмжилдэг. Тиймээс бид цаашид газартай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг нь хуулийн хугацааг хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулахтай холбогдуулан энэ сарын 18-ныг хүртэл иргэдээс газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авсан байна. Үүний дагуу НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс олон өргөдөл иржээ. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй, газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирсэн байна. Уг өргөдөл, санал хүсэлтийг өнөөдөр хэлэлцжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ