top banner

Мөсний шагайн харвааны аймгийн аваргууд тодров


2018-01-22 16:10:50
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн брэнд спорт мөсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнийг аймгийн Засаг даргын нэрэмжит болгосон бөгөөд 17 настай хүүхдүүдээс эхлээд 80 дөхөж байгаа буурайгууд гээд 60 багийн 120 харваачид оролцлоо.

Мөсний шагайн харваа нь ахмад, залуу үе гэсэн хоёр төрлөөр явагдсан бөгөөд ахмад хараачдаас багийн төрөлд Ж.Эрдэнэ-Очир, Д.Содовжамц нар түрүүлсэн бол цуваа харваанд Б.Чувууняранзан түрүүлжээ. Залуу харваачдын багийн харваанд Батцэнгэл сумын Х.Оргилсайхан, Х.Амарсайхан нар түрүүлсэн. Цуваа харваанд Б.Лхагважав түрүүлсэн юм.

Аймгийн Мөсний шагайн холбооны тэргүүнээр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан ажилладаг бөгөөд мөсний шагайн харвааны хойч үе залгамж халаагаа бэлтгэж хүүхэд залуучуудыг уриалах, харваж сургах, бусдад түгээх тал дээр анхааран ажиллаж байна. Мөн харваачдыг улс, бүсийн мөсний шагайн харвааны тэмцээнд олноор нь хамруулж, бүхий л талаар нь дэмжин ажилладаг байна.

Мөсний шагайн харваа нь үндэсний спортын төрөлд ордог ба Зая гэгээн анх санаачлан тоглож эхэлсэн үеэс хойш Архангай нутгийн брэнд спорт болон хөгжиж байгаа юм.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд