ИНЕГ, ЗХЖШ хамтран ажиллана

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-01-22 15:53:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ИНЕГ Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцох байгууллагуудын нэг болох Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д. Даваа нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэрээнд аюулд нэрвэгдсэн болон аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны үед хоёр байгууллагын хамтын ажиллагааг зохицуулах юм. Монгол Улсын  Иргэний хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Улсын нисэхийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэний нисэхийн дүрэм-138 (Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа), Эрэн хайх, авран туслах үйл ажлыг зохион байгуулах дүрэм (УНД-6), Монгол Улсын Шадар сайд, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 33/216 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Агаарын хөлгийн осол, сүйрлийн үед ажиллах журам” зэрэг баримт бичгүүдийн заалтыг гэрээнд тусгажээ. Дээрх гэрээний нэг чухал заалт нь зэвсэгт хүчний эзэмшлийн болон иргэний агаарын хөлгийг хамтран ашиглах,  албадын бэлэн байдлыг хангах тухай юм. Олон улсын (JOINT SAREX) болон үндэсний хэмжээний иж бүрэн болон хэсэгчилсэн дадлага, сургуулилтанд ИНЕГ болон ЗХЖШ оролцохдоо нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцоно. Талууд гэрээний хэрэгжилтийг жил бүр хамтран дүгнээд тайланг “Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл, төлөвлөлтийг зохицуулах хороо”-нд хүргүүлнэ. Ийнхүү ИНЕГ 2013 оноос хойш нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэн оролцох ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ЗХЖШ гэсэн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ