top banner

Ч.Чулуунбат: “Роснефть” салбараа нээснээр шатахууны үнэ буурахгүй


2018-01-22 15:52:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ сарын 18-нд хуралдаж шатахууны нийт хэрэглээний 90 хувийг эзлэх “АИ-92”, “А-80” бензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Харин “А-95”, “А-98”, “Евро-5” зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзсэн юм.

Шатахууны талаарх Төрийн  зохицуулалт хэр урт настай вэ. Зах зээлийн жамаар үнийг чөлөөлөх нь зөв үү?, Үнийн зохицуулалтаас шалтгаалан хуурамч шатахуун худалдаанд гарч байна гэсэн мэдээлэл, Төр, хувийн хэвшлийнхэн цаашид шатахууны  хараат байдлаас гарах  арга замыг хэрхэн тодорхойлж байна вэ. Газрын тосны үйлдвэрээ хэзээ барьж шатахууны асуудлаас хэрхэн гарах вэ зэрэг асуулт  олон нийтийн анхаарлын төвд байна.

Эдгээр асуултад үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэл өгөх үүднээс Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб төр, хувийн хэвшлийн холбогдох албаны төлөөллийг оролцуулан “Шатахууны үнэ ба  эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлэгт Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, УУХҮЯ, СЭЗДС, ШӨХТГ, Нефть хийн бүтээгдэхүүний ассоциаци болон МҮХАҮТ-ын төлөөлөл урьсан боловч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар хүрэлцэн ирж сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

       ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЗАСГИЙН ГАЗРЫГ САЙХАН ХАРАГДУУЛАХ ГЭЖ АЖИЛЛАДАГГҮЙ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Шатахуун тойрсон асуудал гэв гэнэт гараад ирсэн юм биш. 2009 онд анх шатах, тослох материал үнэтэй болж тухайн үеэс эхлэн  гал унтраах арга хэмжээ авсаар ирсний үр нөлөө өнөөдөр гарлаа гэж харж байна. Төрийн гол зохицуулалт импортлогч компаниудад татаас өгч шатахууны үнийг барьж  ирсэн. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн жамаар  үнэ тогтох жишгээс 9 жил зугатлаа. Гол нь зохицуулалт амжилт олсонгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Яг үнэндээ импортлогчид  литр тутамдаа 100-200 төгрөгийн алдагдалтай байгаа. Ер нь импортлогч компаниуд буяны байгууллага биш шүү дээ. Тиймээс төр шатахууны  үнийг чөлөөлж зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн Засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй. 10 жилийн хугацаанд шатах, тослох материал 600 мянгаас 1.5 сая тонн болж өссөн. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Өнөөдөр импортлогчид дуугарахаас  эмээж хүлээлтийн байдалтай байна. Эл хэлэлцүүлэгт ирэх ёстой хүмүүсийн ирээгүй шалтгаан нь  ч энэ байж болох юм. Гол шийдэл нь төр шатахууны үнээ чөлөөлж, нийлүүлэлтээ сайжруулбал махны үнэ буурдагтай адил зарчмаар явах боломж бий. Импортлогчдыг хэт их ашиг олж байна гэж би харахгүй байна. Тэд үнэ дээрээ ашгаа нэмэх нь зах зээлийн зарчим юм. Зөвшилцөлд хүрэх гол шалтгааныг эрэлт, нийлүүлэлт  юм гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой. Хэт туйлшрал, эдийн засгийн тооцоо судалгаагүйн уршгаар эл салбарыг нийгэмчлэх, буцаагаад төрд авах санал ч гарч байна. Ийм бүдүүлэг  асуудал яагаад ч байж болохгүй” хэмээн онцлов. 



Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон Монгол банкнаас нийт 3 тэрбум төгрөгийн зээл авч хугацаанд нь эргүүлэн төлжээ. Гэвч Монголбанкны 3 тэрбум төгрөгийн алдагдалд газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр багагүй хувь эзэлсэн гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгосон юм.
 
ӨДРИЙН ЦАГААР ТҮГЭЭЛТИЙГ ХОРИГЛОСОН УЧРААС ХОМСДОЛ ҮҮССЭН

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат “ Сүүлийн үед үүсээд байгаа эрэлтийн тухайд Зөрчлийн хууль батлагдсанаас хойш өдрийн цагаар түгээлт хийхээ больсон. Эрэлт нэмэгдсэн энэ үед түгээлтийг хориглосон учраас хомсдол үүсэх нэг шалтгаан болж байгаа. Энэ асуудлыг зохицуулах зөвлөмж гаргасан. 2017 оны 10 дугаар сараас импортлогч компаниудын баланс хасах руугаа орсон нь үнэн. Үнэндээ Засгийн газраас татвараар зохицуулах боломж тун бага  байгаа. Ирэх сарын 25-нд  ОУВС-тай хэд, хэдэн асуудлыг эргэн хэлэлцэх юм билээ.  Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Засгийн газраас шатахууны үнэ барих арга хэмжээ авч ирсэн. 2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрх бүхий 87 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч ажиллаж байгаа. Импортлогчдын хувьд 3 орчим хувийн ашигтай ажиллахыг хичээдэг Ингэхээр ашгийн хэмжээ нь маш бага гэдгийг харж болох юм.Тиймээс  дэлхийн зах зээлийн үнэтэй уяж аажмаар шатахууны үнийг нэмэх замаар асуудлыг шийдэх хэрэгтэй.Импортолсон 1.5 сая тонн шатах тослох материалын 1.3 сая тонн нь автобензин, дизелийн түлш юм. Үүний 33 хувь нь автобензин. Автобензиний 90 гаруй хувь нь жижиглэнгээр борлуулдаг. Монгол Улсад борлуулж буй үнэ дэлхийн дунджаас 30 гаруй хувиар хямд юм.Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд  өсч байхад үнэ барих зохицуулалт бол оновчтой хувилбар биш” гэв.



Сүүлийн 10 жил зөвхөн  үнэ ярьсаар чанарыг орхигдуулсан.  Тэгвэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч үүнд хариулахдаа, Чанар орхигдсон нь үнэн.  Форд автомашин борлуулах төлөөлөгчийн газраас манайд борлуулж буй автобензины чанарт шинжилгээ хийхэд ийм шатахуун хэрэглэж буй машиндаа бид нэг ч цагийн баталгаа өгөхөд хэцүү юм гэж хэлж байсан. Тэгэхээр  хэрэглэгч аль болох Евро 4, 5 стандартын шатахуун хэрэглэх хэрэгтэй гэдгийг илтгэж буй юм. Эдгээр шатахууныг хэрэглэснээр тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл бага гарна” гэв. 

Манай улс нийт газрын тосныхоо 90 хувийг ОХУ-аас ам.доллараар худалдан авдаг. Ингэхдээ тус улсын Роснефть компаниас авдаг байна. Нийт газрын тосны 80-90 хувийг уул уурхайн компаниуд худалдан авдаг гэсэн судалгаа бий.



ОХУ-ын “Роснефть” компанийн салбарыг Монголд нээвэл шатахууны үнэ буурна гэсэн жиргээ цахим ертөнцөд өрнөж буй юм. Үүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат хариулахдаа,  “Роснефть салбараа нээлээ ч шатахууны үнэ нь зах зээлийн үнэтэй адил байна. Монгол Улсад мөрдөж буй татварын хувь хэмжээний дагуу татвараа төлнө. Тээвэрлэлтийн зардал нь импортлогч компаниудын гаргадаг зардлын  адил гарна. Борлуулалтын үйл ажиллагааны үеэр гардаг зардлууд манай импортлогчидтой адил байна. Тэгэхээр шатахууны үнийг  “Роснефть” орж ирснээр бууна гэж ойлгох нь  учир дутагдалтай” хэмээв.

Үнэндээ шатахууны үнийн асуудлаар 10 жил маргалдаж, цаасан дээр газрын тосны үйлдвэр барьсан гээд шатахууны асуудлаа шийдэж чадалгүй Монгол Улс цаг алдсаар байгааг "Өөрчлөгч" клубынхэн хэлэлцүүлгийн төгсгөлд тодотгосон.

Ямартаа ч БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн.  Эл үйлдвэр хэзээ биелэлээ олох вэ гэсэн асуудал мөн асуулт хэвээр үлдэж  байна.
 Б.Заяа

Монгол брэнд