top banner

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа


2018-01-22 14:44:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн алба хаагчдыг “буудна” гэж сүрдүүлээд зугтсан, гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран өнгөрөгч бямба гарагт баривчлан саатуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү,  цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Оргил нар энэ сарын 20-ны өдөр замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа  19 цаг 45 минутын орчим “Тоёота Ланд Круйзер-70” маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоон  шалгахад Төв аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан "Г" байсныг тогтоосон байна. Алба хаагчид уг этгээдийг саатуулах гэтэл машиндаа суун Улаанбаатар хотын чиглэлд зугтсан тул нэн даруй Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд мэдэгджээ. Уг этгээд автомашиндаа галт зэвсэгтэй явж байгаа гэсэн мэдээллийн дагуу Төв аймгийн Баянчандмань, Лүн сум дахь замын цагдаагийн пост, Баянхангай, Баянцогт, Аргалант  сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэн, зугтсан этгээдийн явж болзошгүй зам, газар  орны дагуу 5 пост гарган бүслэн хааж, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрынхан, Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн ажиллаж 04 цаг 30 минутад Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Зэст толгой” гэх газраас баривчлан саатуулжээ.  Г гэгч нь “Та нарыг ойртвол би өөрийгөө хутгална” гэж сүрдүүлсэн бөгөөд түүнийг баривчлан автомашинд нь үзлэг хийхэд ТОЗ-8 маркын буу, 6 сумтай дайз, дөрвөн хутга, хоёр хуучин заазуур байсныг эд мөрийн баримт болгон хураан авчээ.  Сэжигтэн Г нь 1967 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, өмнө нь 4 удаа ял шийтгүүлсэн.  Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож гэмтээсэн хэрэгт холбогдоод оргон зайлсан  гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан

Монгол брэнд