top banner

Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллана


2018-01-21 22:15:55
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдоод буй бөгөөд тэрээр Рио Тинтогийн шинэ оффисыг удирдах юм байна.

Рио Тинто групп Монгол Улстай хамтын ажиллагаагаа  бэхжүүлж өргөжүүлэхээр Улаанбаатар хотод шинэ оффис нээж буй бөгөөд 80 гаруй монгол ажилтан энд ажиллах аж.

Шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай  харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.  Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллана гэдгийг албаныхан тодотголоо.

Тус шинэ оффист Рио Тинтогийн Монгол дах геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” (Ар-Ти-Икс) болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох "Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах юм байна.  “Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх аж.

 Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ, “Монгол Улс нь Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдол бүхий зах зээлүүдийн нэг бөгөөд бид урт хугацаанд үйл ажиллагаа явуулах болно. Бид 2010 оноос хойш Монгол ажиллагсдын цалин, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт, орон нутгийн хөрөнгө оруулалт зэргээр Монголд нийт 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум ам.доллар төлсөн. Д.Мөнхтүшиг “Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй компанийг удирдах гэж буйд баяртай байна. Рио Тинто нь Оюу толгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөө энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна. Цаашид Рио Тинтогийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” хэмээн онцолжээ.

Дашрамд дурдахад, Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд, хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байжээ. 
Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд