top banner

“Оюу толгой” 7 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулжээ


2018-01-19 18:50:47
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 7 тэрбум ам.доллар давжээ.  Тус компаниас өнгөрөгч онд  180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцууллаа  хэмээн мэдэгдэв.
 
Тодруулбал  өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд өндөр байж, жилийнхээ төлөвлөгөөг биелүүлсэн байна. Улмаар гүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монгол компаниудтай байгуулж, ажиллах хүчний тоо гэрээт болон үндсэн ажилчдыг оролцуулан 14 мянгад хүрсэн хэмээн тус компаниас мэдээлсэн юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес  хэлэхдээ, “Манай баг, хамт олон олборлосон хүдэр, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтад ахиц гарган 2017 оныг амжилттай үдлээ. “Оюу толгой” компани Монголд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна. Онцлон дурдахад, Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө долоон тэрбум ам.доллар, гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар тус тус давлаа. Ингэснээр бид өмнөө тавьсан зорилтоо давуулан биелүүлж, үндэсний компаниудын гүний уурхайн төсөлд оролцох оролцоог үргэлжлүүлэн нэмэгдүүлж байна.” “Эдийн засагт оруулж буй бидний хувь нэмэр 2017 онд 180 сая ам.долларыг татварт төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговийн тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулснаар үргэлжилж байна” хэмээв.

Өнгөрсөн жилийн эцэст “Оюу толгой” компанийн ажиллах хүчний 94 хувийг монголчууд, 24 хувийг эмэгтэй ажилчид эзэлж буйг тайланд дурджээ. Мөн тус компани 2010- 2017 оны эцэс гэхэд нийт 1,530.85 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж, үүнээс 400,5 га талбайд нь биологийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн байна. Түүнчлэн үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс хийсэн худалдан авалт 335.9 сая ам.доллар болон 92.8 сая ам.доллар болжээ.  Улмаар  1100 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 700 орчим нь үндэсний компани гэдгийг тус компанийн удирдлагууд тодотголоо.

2017 оны дөрөвдүгээр улиралд олборлосон хүдрийн хэмжээ болон үйлдвэрлэл гуравдугаар улирлаас 5.3 хувиар өссөн байна. Мөн боловсруулсан хүдрийн хэмжээ гуравдугаар улирлаас 2.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Түүнчлэн баяжмалын үйлдвэрлэл гуравдугаар улирлаас даруй 20.8 хувиар өссөн байна.  Зэсийн үйлдвэрлэл гуравдугаар улиралтай харьцуулбал 22.8 хувиар өссөн нь зэсийн агуулга өндөр байсан болон тээрэмний бэлэн байдал сайжирсантай холбоотой аж.  Харин алтны үйлдвэрлэл дөрөвдүгээр улиралд өмнөх  улирлаас 12.9 хувиар өссөн нь алтны агуулга болон баяжмалын үйлдвэрлэл өндөр байсан гэдгийг албаныхан хэллээ.

Туркойз Хилл “Оюу толгой” 2018 онд 125 – 155 мянган тонн баяжмал дахь зэс, 240 – 280 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц  буюу Босоо ам 2-ын эцсийн гүн  1,284 метрт  хүрчээ. Босоо ам 2-н нэвтрэлт удахгүй дуусах төлөвтэй байгаа бөгөөд 2018 оны туршид тоноглолын ажлуудыг хийх юм байна. Дөрөвдүгээр улиралд Босоо ам 5-ын нэвтрэлтийн ажил үргэлжилж 2018 оны нэгдүгээр улиралд дуусна хэмээн мэдэгдэв.
Б.Заяа

Монгол брэнд