Улсын хэмжээнд 9.8 сая толгой мал отроор өвөлжиж байна

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-01-19 17:04:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад тавьсан өвөлжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо.

Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн. Тэрбээр энэ жил улсын хэмжээнд нийт 66.2 сая мал өвөлжихөөс нийт 9.8 сая толгой мал отроор өвөлжиж байна. Гэрээгүй дураараа нутаг сэлгэн өвөлжиж байгаа малчдын хувьд бэлчээрийн маргаан дэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ХХААХҮ-ийн сайдын албан даалгаварт ийм асуудал гаргахгүй байх үүрэг чиглэлийг орон нутагт хүргүүлсэн. Цаашид бэлчээрийн даацад тохируулахын тулд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрөөр хэлбэл мал, мах экспортыг нэмэгдүүлэхэд чиглэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх, малын хөлийн татвар тооцох, Бэлчээр хамгаалах хуулийг гаргах нь зүйтэй.

Малчдын түвшинд ургацын урьдчилсан балансаар 850.0 мянган тн хадлан авахаар тооцоолж байсан боловч 935.7 мянган тн хадлан бэлтгэсэн нь байгалийн нөөцийг хангалттай ашигласан гэж үзэж байна. Харин хүчит болон шүүст, гар тэжээл төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй шаардагдах тэжээлийн 70.2 хувийг бэлтгэсэн байсан.
 
Малчдын өвс, тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор тодотголд 40.0 тэрбум төгрөг тусган аймгуудад борлуулалт хийх, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж хүүгүй санхүүгийн эх үүсвэрийг 34 аж ахуйн нэгжүүдэд олгох гэрээнүүд хийгдэж дууслаа. Түүнчлэн гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжсэнээр 25 кг хивэг 9800, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус борлуулагдаж байгаа нь өмнө нь худалдаалагдаж байсан үнээс даруй 25-30 хувиар хямдраад байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдлийн үнэлгээ болон аймгуудын Засаг дарга нарын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын нөөцөөс 8000  тонн өвс үнэгүй, 6500 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 150 сумын малчид, иргэдэд хуваарилах шийдвэр гаргаж хүргэх ажлыг зохион байгуулна.  Өвлийн улирал дундаа орж билгийн тооллын дагуу авч үзвэл идэр есийн хүйтний улирал эхэлж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарахаар байна. 
 
Иймээс малчид, хөдөөгийн ард иргэдийн хувьд өвлийг өнтэй даван туулах чиглэлээр анхаарлаа сулруулалгүй ажиллах, аймаг, сумын удирдлагын зүгээс цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын мэдээллийг анхааралтай ажиглаж, өвлийг даван туулахад чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж байна" гэлээ.
 
 
 
Холбоотой мэдээ