top banner

Шүлхий туссан 260 гаруй малыг устгаж, 8800 гаруй мал, амьтанд вакцин хийжээ


2018-01-18 20:19:42
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал болж, Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг оролцож, Рашаант суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар тус сумын 21 өрхийн 261 үхэрт шүлхий өвчин тусч, өвчилсөн малыг устгасан байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 8830 гаруй мал, амьтанд хийжээ.
- Ер нь тодорхой мэдээлэл дээр тодорхой шийдвэр гаргахгүй бол үр дүн багатай байдаг. Өвчний голомт сумын төвд байна. Сумын төв баруун аймаг чиглэсэн төв замын хажууд байгаа учраас өвчинтэй тэмцэх хорио цээрийн дэглэм сахиулах ажилд хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүд байна. Өвчний голомтод ОБЕГ болон мал эмнэлэг үржлийн газраас ажлын хэсэг ажиллаж байгаа. Голомтод байгаа болон сумын хэмжээнийн мал сүргийг вакцинжуулах арга хэмжээ авч байгаа. Улсын мал эмнэлэг үржлийн газар 20000 тун вакцинтай ирсэн. Сахилга хариуцлагыг чангатгаж, хүлээсэн үүрэг, өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал байна гэж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ярилаа.
ОБЕГ-ын ажлын хэсэг аймгийн удирдлага, онцгой комиссын гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгч, зарим гишүүдийг шүлхий өвчин гарсан бүс нутагт ажиллуулахаар томилоод байна.
М.Батжаргал

Монгол брэнд