top banner

Б.Жавхлан: Арилжааны банкны дампуурах эрсдлийг Төв банк бууруулах чадамжтай болно


2018-01-17 20:50:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас хуулийн төсөлд орсон гол заалт, тэдгээр нь хэрхэн хэрэгжих талаар тодрууллаа.

-Тус хуулийн төсөлд туссан зарчмын чанартай гол өөрчлөлт юу вэ?

-Төв банкны болон Банкны тухай хууль нь 1990 онд анх батлагдан гарсан манай улсын эдийн засгийн суурь хууль юм. Төв банкны тухай хууль нь өнгөрсөн 7 хоногт батлагдсан. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар яг одоо хэлэлцэж байна. Хуулийн гол үзэл санаа бол Монголбанкнаас банкуудад тавих хяналт шалгалтыг бие даасан байдлаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм.

Өөрөөр хэлбэл, Монголбанк одоогийн байдлаар банкуудын гүйцэтгэл дээр хяналт шалгалт явуулдаг. Энэ нь үйл явдал болоод өнгөрсний дараа буюу уг банк сайн ажиллажээ эсвэл дампуурлын ирмэгт ирсэн юм байна гэдгийг хожим нь илрүүлдэг байсан. Төв банк энэ асуудал дээр бодлогын чанартай өөрчлөлтүүдийг сүүлийн 7-8 жилийн хугацаанд хийж ирсэн. Тэрхүү өөрчлөлт нь өнөөдөр хууль болон батлагдах гэж байна. Хууль баталснаар урьдчилж эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулдаг загвар руу шилжих юм. Эрсдэл гарахаас өмнө Төв банк хяналт шалгалтаар асуудлыг илрүүлж, таслан зогсоон хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгөд эрсдэл учрахгүй байх нөхцөл бүрдэнэ.

-Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд арилжааны хэд хэдэн банк дампуурч байсан. Хууль баталснаар арилжааны банкууд дампуурах эрсдэл хэдэн хувиар буурна гэж тооцсон бэ?

-Өмнө нь банкууд татан буугдахад уг банкинд хадгалагдаж байсан иргэдийн хадгаламжийн ихэнх хэсгийг төсвөөс буюу татвар төлөгчийн мөнгөнөөс төлж барагдуулдаг байсан. Тэрхүү доголдлыг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг сайжруулснаар дампуурлын өмнөх шатанд бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, дунд болон урт хугацаанд банкны үйл ажиллагааг тогтворжуулахад хууль чиглэж байгаа юм. Энэ утгаараа банк санхүүгийн систем өөрөө эрүүлжих чадамжтай болох нь эрсдэл буурахад нөлөөлнө. Суурь эрсдэл буурснаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Шууд бус замаар зээлийн хүү буурахад хуулийн үйлчлэл нөлөөлнө гэж үзэж болох талтай.

-Товчдоо бол Монголд банк дампуурна гэсэн ойлголт бараг байхгүй болох нь уу?

-Ер нь бол дампуурсан хойно нь биш дампуурахаас өмнө Төв банк эдийн засгийн аюулгүй байдал талаас  арга хэмжээ авдаг болох юм.

-Өөр нэг анхаарал татсан асуудал бол банк дампуурахад хадгаламж эзэмшигчийн мөнгийг хэн төлөх вэ?

-2008-2009 оны үед хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төрөөс бүрэн хариуцахаар хуульчилж байсан. Тэр хуулийн үйлчлэл 2013 онд зогссон. Түүнээс хойш хадгаламжийн даатгалын тогтолцоотой болсон. Тэрхүү тогтолцооны дагуу хууль нь ч гарсан. Одоо Хадгаламжийн даатгалын корпораци гэдэг нь банкны систем, хадгаламж эзэмшигчдийн гал хамгаалагч болоод байна. Хэрэв цаашид эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалж банкны үйл ажиллагаа хүндэрсэн тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци нийт ард иргэдийнхээ мөнгөн хадгаламжийг бүрэн хариуцаж байгаа учраас нөхөн төлөлтийг хийх бололцоотой. Засгийн газраас энэхүү зохицуулалтыг хариуцаж байдаг хуулийг сайжруулахаар УИХ-д өргөн барьсан байна билээ.

-Зээлийн хүүгийн тухай хуулийн төсөлд ямар нэг байдлаар туссан уу?

-Нэмэлт өөрчлөлтөд зээлийн хүүтэй холбоотой асуудал байхгүй. Тус хуулийн төслийг дагаж орж ирсэн хуулинд нэг өгүүлбэр орж ирсэн байсныг буцаасан.

-Тэгэхээр зээлийн хүү буурах тухай асуудал тусдаа яригдах уу?

-Зээлийн хүү гэдэг маань манай эдийн засгийн өөрийнх нь тусгал. Манай эдийн засаг тогтворгүй, зөвхөн уул уурхайгаас хамаардаг гэх зэрэг шалтгааныг нэрлэж болно. Мөн биднээс хамааралгүй хүчин зүйлүүд ч байна. Ер нь эдийн засгийн өртгийг сууриар нь буулгахад Засгийн газрын бодлого чиглэгдэх хэрэгтэй. 
Б.Туул

Сурталчилгаа
Монгол брэнд